Гавьяат багш С.Шаарийбууд “Энхийн шагнал” хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 05 сарын 16

Монгол Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн мэдлэг туршлага, амьдралаа зориулж, онцгой хувь нэмэр оруулж буй эрхэм хүмүүсийн үйл хэргийг алдаршуулах зорилготой “Эзэн Монгол” төслийн “Энхийн шагнал” гардуулах хүндэтгэлийн ёслолыг 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.   

“Дэлхийн энхийн их наадам”, “Монгол уламжлал академи”, “Дэлхийн монголчуудын чуулган” ТББ хамтран 2011 оноос эхлэн нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, олон нийтэд үзүүлсэн эерэг нөлөө, үлгэр жишээ байдал, улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр, манлайлал зэрэг олон  шалгуур, шаардлагыг харгалзан олгодог 2025 оны “Энхийн шагнал”-ыг МУИС-ийн ахмад багш, баримтат киноны уран бүтээлч, Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбууд олголоо.

Гавьяат багш С.Шаарийбуу нь 80 гаруй баримтат кино бүтээж, олон мянган залууст бага, дунд хийгээд их сургуулийн боловсролыг олгожээ. Мөн хилийн чанадад бусдын гарт амь үрэгдсэн охиныхоо хэргийг үнэн, зөвөөр шийдүүлэхийн төлөө 20 орчим жил тууштай тэмцэж, буруутай этгээдэд зохих ёсны хариуцлага хүлээлгэн, шударга ёс тогтоохын төлөө эцэг хүний ёсоор шүгэл үлээсэн нь гадаадад ажиллаж, амьдардаг монголчуудын эрхийг хамгаалахад үлгэр жишээ үйл хэрэг болсныг нь зохион байгуулагчид онцолж байлаа.
 


“Энхийн шагнал”-ыг эх дэлхийгээ элгэндээ энхрийлэн тэвэрсэн Алунгоо эхийн дүрслэл бүхий цом, 3 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалддаг байна. Шагналын санг аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн хандиваар бүрдүүлдэг бөгөөд энэ жилийн шагналын ёслолд 60 орчим хувь хүн, байгууллага нэгджээ.

“Энхийн шагнал”-ыг анхныхыг Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан хүртэж байсан бол түүнээс хойш Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Гавьяат багш, “Азийн хүүхдүүд сан”-гийн захирал С.Эрдэнэчулуун, ОБЕГ-ын аврагч, хамгаалагч Д.Эрдэнэбат, С.Ганзам, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан, Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслын эмч, Төрийн соёрхолт Ц.Лочин, Монгол Улсын Гавъяат тамирчин Ц.Раднаа, Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагч, байгаль орчны Гавьяат ажилтан Ж.Төмөрсүх, “Зүүн Хойд Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн судалгааны төв”-ийг үүсгэн байгуулагч, судлаач, малчин Л.Лхагвасүрэн, “Болор софт” Компанийн үүсгэн байгуулагч, Монголын анхны хиймэл оюуны туслах “Эгүнэ”-г бүтээсэн С.Бадрал нарын эрхмүүд энэхүү нэр хүндтэй, нийгэмд чухал нөлөөтэй шагналын эзэд болж байжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.58.250.13) 2025 оны 05 сарын 18

Улсын хийх ажлыг энэ аав 1-раа хийсэн дээ. Дарга нар нь ажлаа хийхгүй, иргэнээ хайхрахгүй!

0  |  0
Зочин(172.58.250.13) 2025 оны 05 сарын 18

Улсын хийх ажлыг энэ аав 1-раа хийсэн дээ. Дарга нар нь ажлаа хийхгүй, иргэнээ хайхрахгүй!

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 05 сарын 18

Охиныхоо төлөө мятрашгүй цуцашгүй шантрашгүй ААВ гайхалтай энэ хүнийг аав хүн бүр мэдрээд аваач

2  |  0
Top