"Аватар"-ын усан аялалд шумбасан тэмдэглэл

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 07

"Аватар II - Усны зам” хэмээх адал явдлаар дүүрэн кино 13 жилийн дараа эргэн ирлээ.

Тэртээ 2009 онд анхны анги нь гарч дэлхийд шуугиулж байлаа. Тэр үед техник, технологийн нарийн ширийн зүйл ховор байсан болохоор өндөр түвшний дуугаралт, график дүрслэл, зураглалтай киног үзээд ёстой л ангайж билээ.

Гэхдээ одоогийнх шиг том дэлгэцээр биш квадрат дөрвөлжин хар зурагтаа аргадах нь холгүй л болж үздэг байлаа. Энэ л киног 10 настайдаа үзэж байсан ч одоо бүдэг бадаг санаж, дахиад нэг сэргээж үзэх сэдэл төрөн сууна. Тэгвэл энэ удаад Аватар хоёр цоо шинэ адал явдлаар эргэн ирж, 192 минутын турш усны ертөнцдөө шумбуулж, уйдах чөлөө өгөлгүй аялуулж чадлаа.

Эхний анги дээрээ үзэсгэлэнт ой мод, байгаль харуулсан бол хоёрдугаар ангидаа далай, тэнгисийн гоо үзэсгэлэнг илүү түлхүү харуулжээ. Утга санааны хувьд маш олон зүйлийг өгүүлж байлаа. Тодруулбал, хүн амьтан, дэлхий ертөнцийн зохилдлогоо, байгалийн хууль, хэмжээ хязгаар, гэр бүлийн асуудлууд, эцэг эх байх үүрэг хариуцлага, өшөө авалт, газар нутаг гэх мэт олон зүйлсийг Жеймс Камерон кинондоо бүр дэндүү гайхалтай шингээж өгчээ. Үйл явдал, өрнөл бүхнийг энд бичих нь дэндүү уйтгартай учир та бүхнийг нийгмийн нүргээнт их амьдралаас хэсэг ч атугай тасарч Пондарогийн ертөнцөд аялаасай гэж хүснэ.

Харин киноноос сэтгэлд үлдсэн гайхалтай үгсийг энд хуваалцахыг хүслээ. “Унана гэдэг бол амьдрах юм. Тэмцэнэ гэдэг бол хамгаалах юм”, "Усны зам эхлэлгүй бас төгсгөлгүй. Дэлхийн хэвлийд бидний зүрх цохилж байдаг. Ус бүх зүйлийг, амьдралыг үхэлтэй, харанхуйг гэрэлтэй холбодог. Тэнгис өгч бас тэнгис авдаг" хэмээх үгс намайг өөрийн эрхгүй татаж, үйл явдлууд нь суудалдаа тогтож сууж чадахгүй болтол минь өндөлзүүлж байлаа.

Сонордуулахад, дэлхий дахинаа нээлтээ хийснээс хойш Аватарын шинэ анги өнгөрсөн долоо хоногт тэрбум ам.долларын босгыг давж, одоогийн орлогын нийт дүн нь 1.38 тэрбум ам.долларт хүрчээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Can(172.56.153.75) 2023 оны 01 сарын 07

Uzseen uzsen neg uzehed yahavdee l baina

0  |  0
Top