Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлэх эсэхийг хэлэлцжээ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайханы танилцуулгадаа дурдсанаар 11 бүлэг, 60 зүйл бүхий уг хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Мөн тэрбээр, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын байх үйл ажиллагаа, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг баримтлан ажиллахаар хуулийн төслийг боловсруулсан талаар дурдаж, төслийг боловсруулах Ажлын хэсэгт холбогдох яамд, Санхүүийн Зохицуулах Хороо, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Тэтгэврийн ууган сан” ТББ, “Нэйшнл лайф” урт хугацаат даатгалын компани, Ард Лайф ХХК-ийн төлөөлөл, бие даасан судлаач, актуарчид, тэтгэврийн реформын төлөөх хөдөлгөөний төлөөлөл оролцсоныг танилцуулжээ. Мөн олон улсын зөвлөх багууд ажиллаж, төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна. Тэрбээр, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад энэ төрлийн тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэж, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх зэрэг олон эерэг үр дүн гарна гэв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааны найдвартай байдал хэрхэн хангагдах талаар асуув. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар эрсдлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан бөгөөд хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэн, хаанаас зөвшөөрөл өгөх болон юунд хөрөнгө оруулж болох, юунд болохгүй гэх мэт зэргийг тодорхой, хариуцах эзэнтэйгээр тусгаж өгсөн хэмээн хариулав.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүн Ц.Идэрбат танилцуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )