Утгагүй тулаан: Соледар хотын гайхалтай давсан уурхайнууд

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 13

Донбассын Соледар хотын төлөөх тулаан 2022 оны тавдугаар сараас хойш болсоор. Оросын арми долоодугаар сарын Луганск мужийн Северодонецк, Лисичанск хотуудыг эзэлсний дараа Соледарыг бөмбөгдөх нь ихсэж, сүүлийн хэдэн долоо хоног энд Зеленскийн тодорхойлсноор утгагүй тулаан өрнөж байна. АНУ-ын Дайн судлалын хүрээлэн Соледарт хяналтаа тавьснаар Украины Зэвсэгт хүчний хангамжаа авдаг гол замд хяналт тавих боломжтой гэж үзэж байна. Соледарыг эзэлснээр Оросын арми нэг ч гэсэн ялалт байгуулсан гэдгээ харуулахыг хичээж байна гэж ажиглагчид мөн үзэж байна. Саяхан бас нэг хувилбар гарч ирсэн. “Вагнер” хувийн цэргийн компанийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин хотыг гагцхүү түүний цэргүүд эзэлсэн гэж мэдэгдсэн. Ройтерс агентлаг Цагаан ордны эх сурвалж дурдан дамжуулахдаа, Евгений Пригожин Бахмутын ойролцоох давсан уурхайнуудад хяналт тавихыг зорьж байж магадгүй гэв.

Соледар хот нь үнэхээр давсны шавхагдашгүй их нөөцтэй. Өнөөг хүртэл давс олборлож байсан энэхүү гайхалтай хот өдгөө бараг бүрэн сүйрсэн хот болоод байна. Түүх ба давс Соледар хотын түүх давс олборлолттой холбоотой. Анх энэ талаар түүхэн эх сурвалжуудад XVII зуунд дурдагдсан байдаг. XIX зууны сүүлээр энд анхны давсан уурхай ашиглалтад орсон. Давсны давхаргын зузаан нь 40 м байжээ. Хожим нь энд таван уурхай дахин нээгдэж, давс олборлолт аж үйлдвэрийн хэмжээнд хүрэв. Тэнд дэлхийн хамгийн томд тооцогддог давсны уурхайнуудын нэг “Артёмсоль” үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Шавхагдашгүй нөөц

Энэ бүс нутгийн давсны нөөц шавхагдашгүй. Сүүлийн 300 жил олборлолт явуулахад давсны нөөцийн дөнгөж нэг хувийг ашиглажээ. “Артёмсоль” дайн эхлэхээс өмнө Украины давсны хэрэгцээний 90 хувийг дангаар хангаж байв. Мөн давсаа Европ, Африкийн орнуудад нийлүүлдэг байлаа.

Олон км үргэлжлэх давсан хонгилууд

Давс олборлосон он жилүүдэд Соледар хотын доогуур нийт 200 км үргэлжлэх олон тооны хонгил ухжээ. Зарим газарт өндөр нь хэдэн арван метрт хүрнэ. Ашиглалтаас гарсан уурхайд үүссэн орон зайг аялал жуулчлалын зорилгоор ашиглаж байна. Дайнаас өмнө жуулчид 300 м гүнд бууж, 40 м өндөр, 150 м урт давсан танхимд ордог байв. Тэнд хөлбөмбөг тоглож, кафед тухалж, давсаар урласан баримал үзэн, хүн шиг өндөр давсан талстыг сонирхдог байжээ.

Эл ер бусын орчинд мөн симфони найрал хөгжим тоглож, уран зургийн үзэсгэлэн гаргадаг байв. Тэр бүү хэл давсан танхимд түүхэн дэх анхны газар доорх агаарын бөмбөлгийн нислэг зохион байгуулж, Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлж байжээ. 300 м гүн дэх эмчилгээ 1990-ээд оны эхээр Соледар хотод “Донбасс” нэртэй сувилал 300 м гүнд үйл ажиллагаа явуулж эхлэв. Хожим нь сувиллын нэрийг “Давсан симфони” хэмээн өөрчилсөн байна. Тус сувилал бронхит, уушгины хатгалгаа, харшил, арьс болон мэдрэлийн өвчин эмчилдгээрээ алдартай.

Халуун нуур

Соледар хотын захад орших ер бусын нуур шинжлэх ухааны хувьд оньсого хэвээр. Эл нуурын ус гайхмаар дулаан байдаг. Ингэхдээ доошлох тусам ус 40 хэмийн дулаан болно. Хэдийгээр эл нуур 100 м диаметртэй ч хоёр өөр устай нь туйлын хачирхалтай. Нэг талын ус нь цэвэр бол нөгөө талынх нь давстай. Маш давстай тул хүн шумбаж болдоггүй. Ус дээш нь түлхэн гаргадаг. Геологичид нуурын гүнд химийн урвал явагддаг гэж үздэг ба энэ үйл явцыг судлах шаардлагатай. Тиймээс нууранд сэлэхийг зөвлөдөггүй байна. Эл нуурыг ХХ зууны дунд үе хүртэл давс олборлож байсан карьерт үүссэн гэж үздэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top