"Богд хаан” төмөр зам барьж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд, дэмжлээ.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Өнөөдөр инфляцыг гол өдөөж байгаа зүйлсийн нэг нь тээвэр, ложистикийн асуудал. Хууль батлагдсанаар энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, төмөр замын үр ашиг дээшилж, аюулгүй байдал хангагдана гэсэн хүлээлт байгаа. “Улаанбаатар төмөр зам”-ын хөдлөх бүрэлдэхүүнээс эхлээд, вагон, бусад эд ангийн эдэлгээний  хугацаа дуусаж байгаа. Нэмэлт хөрөнгө оруулалт хийдэггүй. Энэ юутай холбоотой вэ. Цаашдаа ямар бодлого баримтлах юм бэ. Мөн суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253 аж ахуйн нэгж байгаа" гэлээ.

Ийм эрхийг ямар шалгуураар өгдөг юм бэ. Эдгээрийн хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна вэ гэж асуугаад, мухар төмөр зам бариад байдаг, гэтэл тэр замаар тээвэрлэсэн уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн тээвэрлэх байгууламжийг барихад дахиад 2-3 жил, 200-300 сая ам.доллар хэрэгтэй гэж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн тодруулахад Салбарын сайд дараах хариултыг өглөө.

Монгол Улс ганцхан төмөр замтай байсан. Орос, Монголын тал 50, 50 хувийг эзэмшдэг бөгөөд 1100 километр зам дээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ “Улаанбаатар төмөр зам” 1949 онд байгуулагдсан цагаасаа монополь байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон төмөр замтай болсон. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол 4 болсон. Салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон. Төмөр зам дагасан тээвэр нэмэгдэж байгаа. Төрийн зүгээс олон төмөр зам барьж байгуулах бодлогыг барьж байгаа учир төмөр замын эрх зүйн харилцааг тодорхой болгох шаардлага үүссэн юм. Энэ шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Төмөр зам олон суурь эзэмшигчтэй болсон, хийж байгаа тээвэртэй холбоотой олон харилцааг нэгдсэн нэг хуулиар, бодлогоор зохицуулах юм. “Улаанбаатар төмөр зам” суурь бүтэц эзэмшигч бас тээвэрлэгч. Хуулийн төсөлд төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч биш байхаар задалснаар өрсөлдөөнийг бий болгоно гэж үзэж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёрыг тусдаа аж ахуйн нэгж байхаар тусгасан гэв. 

Мөн тэрбээр “Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ОХУ-ын талтай ажиллаж байна.  Энэ хүрээнд “Богд хаан” төмөр зам барьж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаас гадна “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Дашрамд сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тухайн сард  тус төмөр замын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан.

Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135.8 км үргэлжлэх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top