Монголд муурны фестивал боллоо гэж би лав дуулаагүй. Гэтэл тийм зүйл болжээ. Тэр тусмаа хөдөө нутагт, тэр дотроо манай Сүхбаатар аймагт муурнууд чуулжээ.
Түүнийг зохион байгуулсан хүн нь МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Оюундэлгэр. Хөдөө нутагтаа эгэл даруу хэрнээ тун утга учиртай, уянга төгөлдөр амьдарч хэрийн хүнээс гарамгүй өвөрмөц сонин, зүйлийг сэтгэж байдаг хүн л дээ. Бусдыг хайрлаж, бас ухааруулж, сэтгэхүйн чинадаар аялуулж байдаг хайраар гэрэлтсэн хатагтайн тухай өнөөгийн хүүхэд, залуус мэддэг эсэхийг таашгүй.Намайг харин хүүхэд байхад ботгон нүдтэй туяхан бор бүсгүй тэртээх зуунуудыг хөх туульсыг үгийн сувд болгон хувиргаж, түүнээ хүмүүсийн сэтгэл рүү цацах мэт шүлгээ тийм гэхийн аргагүй хүчтэй атлаа уянга төгс уншдаг, миний болоод бидний үеийнхний бахархал байв.
Одоо ч би Ц.Оюундэлгэр эгч шиг тийм гал цогтой бас донжтой, нандин тансгаар шүлгээ дууддаг эмэгтэй найрагчтай тааралдаагүй л байна. Ц.Оюундэлгэр эгч өдгөө Дорнын гэрэлт найрагчид төрж гарсан, домогт О.Дашбалбар, Д.Нямсүрэн нар шүлгээ уншиж явсан тал нутагтаа МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүний сонгуульт албыг хашиж яваа юм. Төрд алба хашиж, түүний хажуугаар уран бүтээл туурвиж, юм ховор зах зээлийн хатуу үед хар даалимбаар хачин гоё даашинз хийж өмссөнийг аймгийн хүүхнүүд шагшиж байсан үе бий.
Хэдэн жилийн өмнөхөн нутагтаа очиход ногоочин болчихсон байсан.Дараа нь очиход гахай, тахиа, ямаа өсгөж байсан. Сүүлд ээлжийн амралт тааруулан зорьж очиход “манай муур зулзгалсан” гээд өнөр бүлийн хатагтай завгүй гүйж явсан. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй, өөрийгөө баясгаад түмнийхээ дунд түвшин сайхан амьдарч л яваа тэрбээр “ Өөрөө, өөртөө л эзэн бай.Амьдрал мөнгөтэй л бол сайхан байдаг юм биш, хүн өөртөө байгаа зүйлдээ л сэтгэл ханамжтай байж, болж байна, болгож байна гэж бодох юм бол тэр сэтгэл баян юм. Сэтгэлээ л баян байлгах хэрэгтэй шүү” хэмээн бусдад захидаг. Муурны фестивалийнхаа тухайд “Амьтан бүхний нүд айдасгүй хайраар гэрэлтэж байг” гэж олон нийтийг уриалжээ. Ташрамд дуулгахад Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хот 500 орчим мууртай. Түүнээс 250 гаруй нь гэрийн тэжээвэр муур бөгөөд фестивалд 20 муур бүртгүүлснээс 15 нь оролцож, гурван төрлөөр өрсөлджээ. Энэ тоог харвал чамлалттай ч амьтны эрхийг хамгаалах, бүртгэлд хамруулах, урамшуулах ажил нэг алхмаар урагшилжээ. Амьтан бүхний нүд айдасгүй, хайраар гэрэлтэж байх болтугай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )