-Есөн аймгийн 24 сумын 30 голомтод мялзан өвчин бүртгэгдсэн-
Дэлхий нийтээр 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын Хүн, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж, улмаар дэлхийн улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байгаа аж. Тийм ч учраас манай улсын хувьд ч гэсэн энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах стратеги”-ийг боловсруулсан байна. Энэ стратегийг 2023-2025 оны хооронд хэрэгжүүлж, өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг хоёр жил дархлаажуулж, гурав дахь жилээс төл малыг дархлаажуулах ажлыг хийх гэнэ. Бог малын мялзан өвчнийг хяналтад авах, цаашид устгах арга хэмжээг оношилгоо, тандалт, тусгаарлалт, халдваргүйтгэл зэрэг мал эмнэлгийн бусад арга хэмжээтэй хослуулан шат дараалан хэрэгжүүлж байгаа гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг хэлж байна.
Бог малын мялзан өвчин бол олон улсын худалдааны хорио цээрт гоц халдварт өвчин. Уг өвчнөөр хонь, ямаа буюу бог мал халдварлан өвчлөхөөс гадна зээр, бөхөн зэрэг амьтад өвчилдөг учраас хил дамнан халдварладаг байна. Манай улсад анх 2016 онд баруун аймгуудын нутагт монгол бөхөнд илэрч, тухайн үедээ 15 мянга гаруй байсан бөхөнгийн сүргийн 80 орчим хувийг нь устгасан гэхээр ямархан хэмжээний аюулт өвчин болох нь ойлгогдох байх. Үүнээс хойш манай улсын баруун болон төвийн бүсэд үе үе гарах болсон байна.
Харин энэ оны зургаадугаар сарын 14-ний байдлаар нийтдээ есөн аймгийн 24 сумын 30 голомтод мялзан өвчин бүртгэгдсэн бөгөөд одоогоор хорио цээрийн арга хэмжээг Мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлж буй. Тийм ч учраас эрсдэл бүхий аймаг, сумдын нийт 19 сая малыг дархлаажуулахаар болж төв болон зүүн, говийн бүсийн есөн аймаг, нийслэлийн бог малын төл, ямааг хамруулах ажил хийгдэж байна. Энэ ажлыг 2023 оны тавдугаар сарын 29-нөөс эхлэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар хийж байгаа аж.
Дээр дурдсан дэлхий нийтээр энэ өвчнийг 2030 он гэхэд бүрэн устгах стратегийн ерөнхий зөвлөмжийн дагуу манай улс ч гэсэн “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах стратеги 2022-2030”-ийг боловсруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлуулсан байдаг. Энэхүү ажил үндсэн гурван үе шаттайгаар хэрэгжих бөгөөд нэгдүгээр үе шат 2022-2025 онд хэрэгжүүлэх Бог малын мялзан өвчинтэй тэмцэх үйл ажиллагаа, хоёрдугаар үе шат 2026-2028 онд хэрэгжүүлэх Бог малын мялзан өвчнийг устгах үйл ажиллагаа, гуравдугаар үе шат 2029-2030 онд Бог малын мялзан өвчнөөр тайван байдлыг баталгаажуулах нийт 44 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Мөн дэлхий дахинд 2027 оноос бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хэрэглэхгүй болох зорилтын хүрээнд улс орнууд тэмцэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна. Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын 2023 оны урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөв нэмэгдсэнтэй холбоотойгоор төвийн болон говь, зүүн бүсийн эрсдэл бүхий аймаг, сумын бог малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөн, 20 сая тун вакциныг үйлдвэрлэгчээс худалдан авалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ юм.
Мялзан өвчин бол гоц халдварт өвчин учраас Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад “Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өмчний жагсаалт”-ын эхэнд бог малын мялзан өвчинг бичсэн байдаг. Үүнээс гадна гоц халдварт өвчин учраас түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, малыг дархлаажуулалтад хамруулахад гарах зардлыг төр засгаас гаргахаар хуульчилж өгсөн.
Мал, амьтны гоц болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад еөвхөн мал эмнэлгийн байгууллагаас гадна орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд малчид, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа асар чухал байдаг. Тэр дундаа малчдын үүрэг оролцоо маш чухал. Харамсалтай нь өнөөх л хэнэггүй монгол хүн, хувь аминчхан бодолтой малчид, мал, махны чеэжүүдээс шалтгаалсан халдварт өвчний тархалт нэмэгддэг. Малын гоц халдварт өвчин гарсныг мэддэггүйгээс алдаа дутагдал гаргах нь их ч, мэдсээр байж халдварыг тархаадаг нь ч байх. Вирусний гаралтай энэ мэт халдварууд гадна орчинд тэсвэртэй байдаг учраас малаас малд халдахаас гадна малчдын гутал, хувцас, машины дугуй зэргээр дамжин халддаг учраас хаа хаанаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Харамсалтай нь малын гоц болон халдварт өвчин гарсан тохиолдолд зөвхөн Мал эмнэлгийн байгууллага л буруутай мэтээр олон нийт ойлгож, тэднийг зүхэх нь олонтаа.
Малын өвчлөлийг манай улс хэд хэдэн шатлалд хуваан үзээд хамгаалах, урьдчилан сэргийлэхэд гарах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс даах, малчид, иргэдээс гаргуулах гэсэн зохицуулалт байдаг. Гэвч үүнийг эргэж харах учиртай гэдгийг зарим хүмүүс хэлдэг. Учир нь өөсрдийн хариуцлагагүй, хэнэггүй байдлаасаа болж малаа өвчлүүлчхээд төр засгаар буюу, татвар төлөгчдийн мөнгөөр дархлаажуулалтад хамруулж буй нь буруу гэсэн шүүмжлэлийг хэлэх нь ч бий. Хэдийгээр мал нь хувийн өмч мөн боловч Үндсэн хуульдаа төрийн хамгаалалтад байна гэж заасан нь ийм нөхцөл байдлыг бий болгодог гэх ч байдаг. Нэг талдаа бол энэ нь яах аргагүй үнэн.
Иргэн Дорж өөрийн гэсэн өнчин ишиг ч үгүй мөртлөө татварт төлсөн мөнгөөр нь хэн нэгний халдвар авсан малд вакцин тариад байгаад л бухимдаад байгаа хэрэг шүү дээ. Зарим нэг малчин “Төр засаг л хариуцах ёстой” гэсэн байдлаар асуудалд хандаж ирсэн нь ийнхүү дургүйцэхэд хүргэсэн хэрэг. Түүнээс биш эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөөд, шинжлэх ухааны үндэслэлтэй дархлаажуулалтад мал сүргээ хамруулаад явдаг олон малчныг ийм мэтээр ойлгуулах гэсэнгүйг уншигч та бүхэн ойлгох биз ээ. Харин энэ бүхнийг мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, малчдаас гарах зардал санхүүг хамтран хариуцах тухай ярьж эхэлсэн байна. Ингэснээр төсөв мөнгө гаргасан талуудын үүрэг хариуцлага дээшлэх учиртай. Тухайлбал, бог малын мялзан өвчин нэлээд гардаг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Малын вакцины бодлогыг лебаралчлах шаардлагатай байна” гэсэн асуудлыг “Малын эмч нарын зөвлөгөөн”-ий үеэр хөндөж байв.
Засгийн газраас мал, махны үнийг бууруулахын тулд нийслэлийн ойролцоо зах худалдааны төвийг олноор нь байгуулах бодлого барьж байгаа тухай ЗГХЭГ-ын дарга ярьж байсан. харин ингэхдээ малын элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалахад худалдаачдыг хамруулдаг дүрэм журмыг боловсруулж өгөх нь зүйтэй болов уу. Тэгж байж л малчид маань өөрийн өмч хөрөнгөө элдэв аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг дахин цааш санаатай болоод санамсаргүй байдлаар тархаахгүй байхад үүргээ ухамсарладаг болно.
Түүнээс биш төр засаг, мал эмнэлгийн байгууллагаас нь өөрсдийн нөөц бололцооны хүрээнд арга хэмжээ аваад байдаг ч малчид, ард иргэдийн дэмжлэггүй бол хэр хол явах билээ. “Хурдан явъя гэвэл ганцаар, Хол явъя гэвэл олуул” гэсэн үг ч бий. Түүн лугаа адил төр засаг, мал эмнэлгийн байгууллагууд, орон нутгийн удирдлагууд, худалдаачид, иргэд гээд олуулаа хамтарч, зөв зүйтэй байж гэмээнэ олон улсад мал, махаа экспортлодог, түүнээ дагаад эдийн засаг нь солонгордог, малчид, ард иргэдийнх нь амьдрал дээшилдэг байдал бий болох билээ. Нэг үгээр бол мялзан мэтийн өвчнийг бүрэн дарахад малчдын оролцоо, үүрэг хариулцлага асар чухал юм.
Т.ДАРХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )