Мал, амьтны эрүүл мэндийн төв шинээр байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нарын санаачилга, олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр бүтээлийн үр дүнд 2019 оноос БНСУ-ын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны буцалтгүй тусламжаар “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн төв байгуулах” төсөл хэрэгжиж, өнөөдөр тус төвийн сургалтын жижиг амьтны эмнэлгийн нээлт боллоо.

Уг төсөл нь нийт 4 сая ам.доллар төсөвт өртөгтэйгээр 2024 он хүртэл хэрэгжих ба төслийн хүрээнд 1432 м.кв зоорины давхар бүхий 3 давхар жижиг амьтны эмнэлгийн зориулалтын барилга баригдаж, эмнэлгийн үйл ажиллагаанд зориулсан хамгийн орчин үеийн мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж бусад багаж хэрэгсэл, тавилга, эд хогшилоор бүрэн тоноглогдсон.

Төслийн хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль нь БНСУ-ын Кёнгбүкийн Их Сургуультай хамтран ажиллаж, Солонгосын мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний арга барилаас туршлага солилцож байгаа ба эмнэлгийн үйл ажиллагаа жигдэртэл Кёнгбүкийн их сургуулийн профессор багш нар зөвлөгчөөр ажиллаж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажилласаар байх юм.

Тус эмнэлэг цаашид бүтцийн хувьд Мал эмнэлгийн сургуулийн бүрэлдэхүүнд харъяалагдан ажиллах ба мал эмнэлгийн сургуулийн бакалавр, магистр, докторын сургалт, малын эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, олон улсын оюутан солилцоо, багш нарын дотоод, гадаадын судлаачидтай хамтарсан судалгааны бааз суурь болж өргөжин хөгжинө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top