Махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар татан буугдаж, мэргэжлийн хяналтын байцаагчид салбарын холбогдох яамдад хуваарилагдсан бөгөөд ЯАМ өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн Газрын хуралдаанаар салбарын хяналтын газрынхаа бүтэц, ажлын стратегиа батлуулсан.

Дээрх арга хэмжээний үр дүнд ХХААХҮЯ зөвхөн бодлого боловсруулах бус хяналт, шалгалт хийж, хуулийн хэрэгжилтийг хангуулах цогц үйл ажиллагаа явуулж эхэллээ. Тус яамнаас хүнсний болон махны үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт, шалгалтаас гадна гэнэтийн шалгалт зохион байгуулан ажиллаж байна. Цаашид ч хяналт шалгалтын үйл ажиллагааг тогтмолжуулна.

Яамны дэргэдэх “Малчин лавлах 109” төвд ирсэн мэдээллийн дагуу яамны шуурхай ажлын алба 2023 оны тавдугаар сарын 7-ны шөнийн 00 цагаас үүрийн 04:00 цаг хүртэл Эмээлт дэх гадаад эзэнтэй махны хоёр үйлдвэрт хяналт-шалгалт хийн, үйлдвэрийг лацдаж битүүмжлэн, үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд хэрэг бүртгэл нээлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг махны үйлдвэрүүдийг аттестатчлах шалгалт хийж байна.

Эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангасан, аюулгүй мах, хүнс үйлдвэрлэхгүй бол хөрөнгө оруулалтаараа хохирох асуудал үүсэхийг үйлдвэрлэгчид ойлгох нь чухал. Мах, махан бүтээгдэхүүний гарал үүсэл, вакцин, түүний хоруу чанар гарах хугацаа зэргийг хянахад “мөшгөх тогтолцоо” шаардлагатай. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүнд мөшгөх тогтолцоог чухал шаардлага болгодог.

Дээрх тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлээгүйгээс урд хөрш рүү хоёр улсын хэлэлцээрээр +80 хүртэл хэмд чанах аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн гаргаж байгаа нь асуудал дагуулж байгаа бөгөөд энэ нь Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд илэрч байна.

Тиймээс эхний ээлжид таваарлаг үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх нь Монгол малын махыг үнэ цэнтэй болгохоос гадна дотооддоо эрүүл, аюулгүй мах нийлүүлэх үндэс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top