Мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хийж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 08

Мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын сарын аяныг зохион байгуулж байна.

Монгол улсад бог малын мялзан өвчин (БММӨ) 2016 онд анх баруун бүсийн аймгуудад бүртгэгдсэнээс хойш өргөн хүрээний дархлаажуулалт, идэвхтэй тандалт, малын шилжилт хөдөлгөөний хяналтыг хэрэгжүүлэх замаар уг өвчинтэй тэмцэж байна.

Бог малын мялзан өвчнөөр зөвхөн бог буюу хонь, ямаа өвчлөхөөс гадна зэрлэг амьтан болох зээр, бөхөн зэрэг амьтад өвчилдөг олон улсын худалдааны хориг тавигддаг, хил дамжин халдварладаг вирусийн гоц халдварт өвчин юм.

ДМАЭМБ, ХХААБ-аас гаргасан Дэлхий дахинаа БММӨ-ийг 2030 онд багтаан шат ахиулан тэмцэж, устгах стратегийн ерөнхий зөвлөмжийн дагуу “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх, устгах стратеги 2022-2030”-ийг боловсруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлуулсан.

Бог малын мялзан өвчинтэй тэмцэх стратегийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэн Монгол улсыг 2030 онд БММӨ-өөр тайван улс болохыг ДМАЭМБ-аар хүлээн зөвшөөрүүлэх зорилт тавин, дараах 3 үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Нэгдүгээр үе шат 2022-2025 онд хэрэгжүүлэх БММӨ-тэй тэмцэх үйл ажиллагаа
  • Хоёрдугаар үе шат 2026-2028 онд хэрэгжүүлэх БММӨ-ийг устгах үйл ажиллагаа
  • Гуравдугаар үе шат 2029-2030 онд БММӨ-өөр тайван байдлыг баталгаажуулах нийт 44 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн дэлхий дахинд 2027 оноос бог малын мялзан өвчнөөс сэргийлэх вакцин хэрэглэхгүй болох зорилтын хүрээнд улс орнууд тэмцэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын 2023 оны урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөв нэмэгдсэнтэй холбоотойгоор төвийн болон говь, зүүн бүсийн эрсдэл бүхий аймаг, сумын бог малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөн, 20,0 сая тун вакциныг үйлдвэрлэгчээс худалдан авалт хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Үүнтэй уялдуулж Мал Эмнэлгийн Ерөнхий Газар даргын тушаалаар 2023 оны тавдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн бог мялзан өвчний гаралт, тархалт бүртгэгдсэн 14 аймаг, нийслэлийн 19,0 сая толгой бог малыг дархлаажуулахад шаардлагатай вакциныг хүргүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top