Монголчууд эрт дээр үеэс ургийн хэлхээсээ хөтөлж, удам угсаагаа таньж ирсэн мэргэн ухаант ард түмэн. Угаа мэдэхгүй хүн уулын гөрөөс лугаа суух хаяггүй, гүйх жимгүй бус уу. Тиймээс ургийн бичээсээ хөтөлж удмын алтан хэлхээсээ бат бэх байлгах нь хүн бүхний үүрэг болой.
Ургийн бичиг хөтөлснөөр цус ойртохоос сэргийлж, эрүүл биетэй, саруул ухаантай үр удам тээж, цаашлаад үндэсний язгуур ген, тусгаар тогтносон улсын үнэт капитал болох үнэ цэнийг цэвэр ариунаар авч яваа хэрэг юм.
Монгол Улсад цус ойртолтын хувь хэмжээ нэмэгдэж буй нь ургийн бичгээ хөтлөхөө байснаас үүдэлтэй юм. Ах дүү, хамаатан садангаа танихаа байж үндэсний тодотголтой хэдхэн баяраар ёс болгож бараа зүсээ мэдэлцдэг гэхэд хилсдэхгүй. Мөн түүнчлэн гэр бүл салалт ч цус ойртоход нөлөөлж буй. Эцэг эх нь хоёр тийш болоод хоёр дахь амьдралаас нь төрсөн хүүхэд эхний амьдралаас нь төрсөн хүүхэдтэй нь хэзээ нэг цагт учрахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Эрт дээр цагт есөн үеэ ба бэ-гүй мэддэг байсан гэдэг.
Харгис нийгэм нь хмаг л удмын алтан судрыг нь шатааж харьд уусгах бодлого явуулсны балгаар алтан ургийн хэлхээс ч бүдгэрэн баларч хэлмэгдэн арилжсан. Өнөө цагт ургийн бичгийг хөтлөх цахим аргууд олон болохын сацуу цахим сүлжээгээр мдэээлэл солилцож бүхий л ажлыг хялбарчлан өртөөлдөг болсон. Тиймээс айл бүхэн уран овгийнхоо нэршлээр цахим групп нээж нэгдэцгээн хэн хэнээ мэдэлцэж, үүх түүхээ хуваалцаж, зураг хөргөө солилцдог болсон нь маш том алхам. 1990-ээд оны үед аав минь ургийн бичгээ хөтлөхөөр өвөг дээдсээ судлан нутаг орноороо хэрэн хэсэж өндөр настангуудтай уулзаж үгийг нь сонсож явсаны хүчинд манайх гэдэг өнөр өтгөн ураг удмын бичээстэй болсон билээ. Өдгөө тэр буурлууд энэ орчлонд үгүй болжээ. Он цагийн бүдэг бадаг дурсамж, олдохын аргагүй нандин шастирыг цээжиндээ сударласан дээдэс минь улам л цөөрсөөр...
А.СҮГЛЭГМАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )