Голууд үерийн түвшинг даван үерлэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 13

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-80 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 30 см давсан байна.

​Орхон голын эхээр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 35-125 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 25 см даван үерлэж байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өөрчлөлт багатай өнжсөн хэдий ч үерийн аюултай түвшинг 5-45 см давсан хэвээр байна.

Хангай нурууны арын Чулуут, Хойдтамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-80 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Онги голын нийт уртын дагууд мөн Зэгэстэй, Цагаантуруут, Шаргалжуут, Түй, Богд, Чигэстэй  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-80 см нэмэгдэж  үерийн аюлтай түвшиг Онги гол Уянга, Арвайхээр сум орчимд  7-25 см, Хөгшин-Орхон гол Хархорин сум орчимд 23 см   даван үерлэж байна.

​Хараа гол Дархан хот, Ерөө гол Ерөө сум, Хүдэр гол Хүдэр сум орчимд үерийн түвшинг 26-72 см, Дулаанхаанаар Ерөө гол үерийн аюултай түвшинг 18 смдавсан байдалтай байна.

Онон, Балж голууд Дадал сум орчмоор,Хэрлэн гол Багануур орчмоор үерийн түвшинг 35-40 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сумаар үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна.

​Маргааш буюу 7 дугаар сарын 14-нд Онги гол Арвайхээр сум орчмоор, Орхон гол Хархорин орчмоор, Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор мөн Урдтамир, Хойдтамир зэрэг голуудын усны түвшин 30-60 см нэмэгдэх төлөвтэй байна.

Өнөө маргаашдаа нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top