Ургац хураалтын бэлтгэл ажлыг эртнээс хангах, тариалангийн талбайн хөрс хамгаалах, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын зүгээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгажээ.
Энэ жилийн хувьд дөрөв, тавдугаар сард хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс хожуу эхэлж, тавдугаар сарын 15-наас жигдэрсэн байна.
Урьдчилсан байдлаар 334.7 мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийт 580.6 мянган га-д тариалалт хийгээд байна.
Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га-гаар нэмэгджээ.
Нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололт сайн үнэлгээтэй байна. Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс наадмын өмнөх байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )