"Эх орон-36" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр ирэх долоо хоногт эхэлнэ

2023 оны 07 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн санааачлагаар “Эх орон 36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг долоодугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээг Хүүхдийн эрхийг хангах хууль тогтоомжууд болон Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн хүрээнд “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалахын яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ЦЕГ-ын харьяа "Сүүж уул" амралтын газраас гадна Батлан хамгаалах яамны харьяа "Бага баян" энхийн төлөө цогцолбор амралтын газарт хоёр хувааж зохион байгуулах юм.

"Эх орон-36" хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт Нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон 200 хүүхэд оролцож, эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, аливаа саад бэрхшээлийг арга ухаанаар даван туулах зэрэг олон ур чадварт суралцаж, өөрийгөө танин мэднэ.

Тухайлбал, “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхэн хамрагдсанаар

- Эх орноо хайрлах, эх оронч үзэлтэй болон төлөвшинө.

- Бэрхшээлийг даван туулах чадварт суралцана.

- Бусдын өмнө хариуцлага хүлээдэг чадварт суралцана.

- Хамт олны дунд биеэ зөв авч явах, багаар ажиллах чадварт суралцана.

- Бусадтай санал бодлоо хуваалцан өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар дээшилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top