СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол усны ойр амарч зугаалахгүй байхыг анхааруулъя

2023 оны 07 сарын 14

Ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

Гол мөрний үерийн төвшин Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 30-80 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн гол үерийн түвшинг 30 см давсан байна. Орхон голын эхээр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 35-125 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 25 см даван үерлэж байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өөрчлөлт багатай өнжсөн хэдий ч үерийн аюултай түвшинг 5-45 см давсан хэвээр байна. Хангай нурууны арын Чулуут, Хойдтамир, Урдтамир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-80 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Онги голын нийт уртын дагууд мөн Зэгэстэй, Цагаантуруут, Шаргалжуут, Түй, Богд, Чигэстэй  зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-80 см нэмэгдэж  үерийн аюлтай түвшиг Онги гол Уянга, Арвайхээр сум орчимд  7-25 см, Хөгшин-Орхон гол Хархорин сум орчимд 50-60 см даван үерлэж байна. Хараа гол Дархан хот, Ерөө гол Ерөө сум, Хүдэр гол Хүдэр сум орчимд үерийн түвшинг 26-72 см, Дулаанхаанаар Ерөө гол үерийн аюултай түвшинг 18 см давсан байдалтай байна.

Онон, Балж голууд Дадал сум орчмоор,Хэрлэн гол Багануур орчмоор үерийн түвшинг 35-40 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сумаар үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна.

Онги гол Арвайхээр сум орчмоор, Орхон гол Хархорин орчмоор, Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор мөн Урдтамир, Хойдтамир зэрэг голуудын усны түвшин 30-60 см нэмэгдэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top