Сүнг Ёнг Жүнг: Баяр наадмын үеэр Монголд ирсэндээ баяртай байна  

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 17

Жил бүрийн үндэсний их баяр наадмаар гадаадын олон жуулчин ирж, монгол түмний уламжлалт баярыг үзэж сонирхдог. 

Монгол Улс жилд 500-600 мянган жуулчин хүлээн авдаг ч ихэнх нь долдугаар сард ирдэг байна. Тэдний нэг БНСУ-ын Сөүл хотын Түндэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Сүнг Ёнг Жүнг, ИТХ-ын гишүүн Жан Сонг Үн нар Монгол Улсад ажлын шугамаар ирэхдээ баяр наадам үзэж байхтай таарч сэтгэгдлийг нь сонслоо.
 


"Би Монгол наадам анх удаа үзлээ. Баяр наадмын үеэр Монголд ирсэндээ маш их баяртай байна. Наадмын нээлт, нум сум харваа, морины уралдаан үзсэн, сэтгэгдэл өндөр байна. Уудам тал нутагтай, найрсаг ард түмэнтэй улс юм.  Чингисийн Монгол илүү хөгжинө гэдэгт итгэж байна.

Түндэмүн дүүрэг Монголын улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК-тай хамтран “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг БНСУ-д зохион байгуулсан. Ирэх аравдугаар сард мөн зохион байгуулах юм. Үзэсгэлэнгийн арга хэмжээ, тов тогтоох зэрэг олон асуудлаар санал солилцлоо. 

Сурагчдын амралтаар Монгол Улсын сурагчид Солонгос улсад зочиллоо. Тэдгээр хүүхдүүдийг БНСУ-ын түүх, соёлтой танилцуулах ажил зохион байгууллаа. Мөн харамсалтайгаар гурван настайдаа маш хүнд түлэгдсэний улмаас суугаа болж сургуульд сурч чадаагүй 15 настай хүүд туслах сайн үйлсийн аянд нэгдсэндээ баяртай байна. Түлэгдэлтийн чиглэлээр Өмнөд Солонгостоо тэргүүлэгч эмнэлэгт эмчлүүлэх зардлыг хөнгөлж, 100 хувь үнэ төлбөргүй эмчлүүлж, үеийнхэн шигээ жирийн хүүхэд шиг гүйж, тоглох боломжтой болж байгаад үнэхээр их баяртай байна. 

Цаашид БНСУ-ын Сөүл хотын Түнэдэмүн дүүрэг Монгол Улсын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, олон салбарт үр дүнтэй ажиллах тал дээр хичээж ажиллах болно.

Найрсагаар хүлээн авч уулзсан төрийн албан хаагчид болон Монголын Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд талархал илэрхийлье" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top