Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ) баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны долоодугаар сарын 8-16-ны хооронд орон нутагт осол гэмтэлд өртөж, биеийн байдал маш хүнд байсан 12 иргэнийг нисэх онгоцоор тээвэрлэн авчирчээ. Тэдгээр нь найман том хүн, 0-18 насны дөрвөн хүүхэд байсан аж.
ГССҮТ долоодугаар сарын 11, 14-ний өдрүүдийг ажлын өдөр болгон, Амбулаторийн тасагт нийт 290 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 76 төлөвлөгөөт мэс засал хийжээ.
Баяр наадмын өдрүүдэд Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 4796 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 156 хүнд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлснээс 92 нь оройн ээлжинд мэс засалд орсон байна.
Мөн алсын дуудлагын дагуу ГССҮТ-ийн эмч нарын баг Сүхбаатар, Өвөрхангай аймагт очиж ажиллахдаа гавал тархи болон цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэлтэй хоёр иргэнд мэс засал хийжээ.
Тус төвийн хэвтэн эмчлүүлэх тасагт энэ өдрүүдэд нийт 477 үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлсэн байна.
Дашрамд дурдахад, үндэсний их баяр наадмын өдрүүдээр ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгддэгтэй холбогдуулан Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллах эмч нарын тоог нэмэгдүүлж, нэг ээлжинд зургаан эмч ажиллуулснаас гадна “EEJII” /Charity and Volunteering Foundation/ сайн дурын байгууллагын ажилтнууд иргэд, үйлчлүүлэгчдэд туслах хөтөч, мэдээллийн ажилтан, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэн хамтарч ажиллажээ.
Сэтгэгдэл ( 0 )