Гучаад хүүхэд ослоор амиа алдсаны олонх нь орон нутгийн замд энджээ

Админ | Zindaa.mn
2023 оны 07 сарын 21

-Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой-

Хөдөө орон нутгийг зорьж байгаа уншигч та замын хажуугаар зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо бүхий самбарыг анзаарч буй биз. Зарим нь олон нийтийн сүлжээнд “Нас барсан хүн тоолж байхаар замаа нөх” гэх мэтээр шүүмжилж ч байгаа. Уг нь бол жолооч нарыг ослоос урьдчилан сэргийлэх, автозам барих засварлаж ажлын тусдаа байгууллагууд хариуцаж, хийж гүйцэтгэдгийг хүн бүр л мэддэг нь лавтай. Ухамсар муутай, замын хөдөлгөөнд соёлгүй, бүдүүлэг оролцож, хүний амь, эрүүл мэндийг тээвэрлэж яваа гэдгээ ойлгодоггүй ухаан муутай жолооч нарыг ухааруулах гэж цагдаагийн байгууллаас ийм аргаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж буй юм.
 


Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахын тулд цагдаагийн байгууллага, тэр дундаа Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан жил бүр, ялангуяа осол, хэрэг их гардаг аялал жуулчлалын улиралд тодорхой арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Өнгөрсөн онуудад “Яараад яахав дээ”, “Аажуу явбал аяндаа хүрнэ”, “Дураараа биш дүрмээрээ” гэх нэрээр хэрэгжүүлж байсан урьдчилан сэргийлэх аянаа өнөө жил “Нэг зам-нэг соёл” нэртэйгээр явуулж байгаа. Гол зорилго нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, жил бүр нэг онгоцны зорчигчтой дүйх хэмжээний иргэнийг амиа алдахаас аврах хамгаалах гэж хэрэгжүүлдэг. Гэвч монголчууд үүнийг ухамсарлахгүй явсаар амиа алдсан хүний тоо ч төдийлөн буурахгүй байсаар.

ТЦА-ны статистикаас үзвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн ослын 49560 дуудлага хүлээн авсан байна. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нийслэлд 6.6, орон нутагт 21.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Ослын улмаас 224 хүн нас барчихаад байгаагийн 183 нь орон нутгийн замд бүртгэгджээ. Тэдний 25 (нийслэлд нэг, нийт 26) нь улс орны ирээдүй, эцэг эхийнхээ аз жаргал болсон хүүхэд гээд уншигч та бод доо. Долдугаар сар гарснаас хойш тоог нэмбэл 30 руу дөхнө. Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд, үүнийг залгасан орон нутгийн наадам, ойг далимдуулж хөдөөг зориод очих, буцахдаа осолд өртөх тохиолдол ч байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр Хөвсгөлөөс Улаанбаатарыг зорьж явсан “Тоёота акуа” загварын автомашинд сууж явсан есөн настай хүү дэргэдүүрээ өнгөрч явсан машинд дайруулж амиа алджээ. Орхон аймгаас Дархан-Уул руу хүнсний ногоо хүргэхээр явсан “Тоёота хайсе” загварын тээврийн хэрэгслийн жолооч Б тухайн хүүхдийг дайрсан аж. Эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй байдал, хүүхэд сууж явсан болон хажуугаар нь өнгөрч явсан тээврийн хэрэгслийн жолооч нартай энэ осол шууд холбоотой. Хүүхэд дайрсан тээврийн хэрэгслийн жолооч хүн буулгаж буй автомашины хажуугаар хурдаа хасаж өнгөрсөн бол нэгэн балчир хүүгийн амь эрсдэхгүй л байв. Эцэг эхчүүдийн хараа хяналт сул, хэнэггүй хайхрамжгүй байдлаас болж орон нутагт бас нэг хүүхэд нас барсан осол бүртгэгджээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг, Гашууны нуруу орчимд нутаглаж байсан айлын зургадугаар ангид орох 11-12 орчим насны хүү мотоциклтой онхолдож амиа алджээ. Малчид хүүхдүүдээ хятад мотоцикл унахад нь хараа хяналт тавьдаггүй, бүрэн бус техниктэй явуулдгаас энэ мэт осол их гарч буй билээ.

Түүнчлэн орон нутгийн замд жолооч нар ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртөн, эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, өөрийнхөө, хамт яваа нөхдийнхөө амийг ч эрсдүүлэх явдал бий. Хэдхэн км яваад хүрлээ хэмээн нойрмоглож, үүрэглэж яваад замын хажуу руу онхолдох, эвдэрсэн тээврийн хэрэгсэл харалгүй мөргөх явдал өглөө, өдөр, орой гэлтгүй гарч байгаа нь  харамсалтай. Ядарсан болон нойр муутай үедээ жолооны ард суух нь тээврийн хэрэгсэл жолоодох чадварыг зүүрмэглэж эхлэхээс нь өмнө алдагдуулдаг гэж эрдэмтэд дүгнэсэн байдаг. Тиймээс ядарч, нойрмоглож эхэлбэл зогсож амрах нь жолоочийн үүрэг юм. Жолооны ард зүйрмэглэх, ядрах нь үхэлд хүргэж болдог жишээ орон нутгийн замд нэг бус гардаг ч цагдаагийн байгууллагын мэдээлэлд үүнийг нарийвчлан бүртгэдэггүй юм билээ. Гэхдээ замын хажуу руу онхолдсон дийлэнх осол хэт ядарсан үедээ жолоо барьснаас үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм. Орон нутагт өчигдөр ийм осол гарч хүний амь үрэгдсэн байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, нэг хүн нас барж, өөр нэг нь маш хүнд гэмтэн эмчлүүлж буй юм билээ. Энэ осол магадгүй хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй гэж үзэж болох юм.

ТЦА-наас хэрэгжүүлж буй “Нэг зам-нэг соёл” аян бол орон нутгийн замд замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулж энэ мэт осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой. Харамсалтай нь жолооч нар хэт ядарсан үедээ жолоо барихаас гадна бие биедээ хүлээцтэй ханддаггүй, “Би л болж байвал бусад нь хамаагүй” хэмээсэн хандлагатай явдгаас үүдсэн осол ч гарч байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг, Элстэй тохой гэх газарт “Тоёота аллион”, “Тоёота пробокс”-той мөргөлдөж зургаан хүн гэмтжээ. Ослын шалтгаан нь жолоочийн хариуцлагагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийгээгүй, урсгал сөрснөөс үүдэлтэй юм билээ. Жолоочийн хариуцлагагүй байдлаас болж хоёр машины зургаан хүн эрүүл мэндээрээ хохирчихоод байна.

Жолооч, зорчигчдын амь, эрүүл мэндийг хамгаалах зорилготой, ТЦА-наас зохион байгуулж буй “Нэг зам-нэг соёл” аянд хүн бүр нэгдэж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, “сахилгагүй” жолооч нарын машинд сууж яваа жирийн иргэн хэн бүхэн машин жолоодож буй хүндээ шаардлага тавьж явбал аливаа осол, хэргээс өөрсдийгөө, өрөөлийг ч хамгаалах боломжтой билээ.

Г.РАВЖАА

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээж(192.82.71.248) 2023 оны 07 сарын 24

Ээж аав нь хүүхдүүдээ аялал гээч нэртэй авч явчаад алчаад ирж бнашдээ арайл юмаа хайртай хүмүүсээ авч яваагаа ой тойндоо ортол шингээ хар ус архиа гудархаа боль жолооч нэртэй алуурчдаа

0  |  0
би(150.129.140.41) 2023 оны 07 сарын 22

тэнэг малнууд хурд хэтрүүлнэ, үзэгдэх орчин хязгаарлагдмал газар гүйцэж түрүүлнэ . Ялангуяа хотоос орон нутгийн замд явж байхад хад бут, дов гүвээ, хошуу хамар тойрох, уул хяраад өгсөж байхад үхэх гэж байж юм шиг сигналдаад дүрэм зөрчин гүйцэж түрүүлэх гээд хурдаа нэмэхийг нь яана, Харахад харваас халтайсан ухамсар дорой байрын хөгийн гарууд байдаг.

0  |  0
Ррм(66.181.161.200) 2023 оны 07 сарын 22

Гайтай өвчтэй залуучуудыг яаж хүмүүжүүлэх вэ

1  |  0
Зангараг(122.201.31.112) 2023 оны 07 сарын 23

Арчаагүй, хариуцлагагүй, мэдлэг муутай, мэдрэмжгүй , дүрэм мэддэггүй юмнуудаас болж эрдэнэт хүмүүний амь эрсэдсээр байна.

1  |  0
Top