"Долоодугаар сарын эхээр орсон бороог гамшигт үзэгдэл гэж үзнэ"

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

Долоодугаар сард нийслэлд болон бусад нутгаар унасан хур тунадасны хэмжээ, ирэх сарын цаг агаарын төлөвийн талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.


-Долоодугаар сарын эхээр Улаанбаатар хотод үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэн. Энэ үеэр хэр хэмжээний хур тунадас унасан бэ?

-Энэ сарын эхээр буюу 1-5-ны өдрүүдэд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 50-151 мм бороо 20-32 цаг үргэлжлэн орсон. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэрт 151 мм, Борнуур, Баянчандманьд 130 мм, Улаанбаатар хот орчимд 28.0-49.2 мм буюу их хэмжээний хур тунадас унасан байна.  Энэ борооны улмаас Хэнтийн нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Балж, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин хоногт дунджаар 10-95 см нэмэгдэж, долоодугаар сарын 5-ны өдөр үерийн болон үерийн аюултай түвшинг давсан учир нийслэлийн зарим байршилд хүндрэлтэй нөхцөл үүссэн.

-Сүүлийн жилүүдэд ороогүй их хэмжээний бороо орсон гэж зарим мэргэжилтэн хэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс далайгаас хол, эх газрын эрс тэс уур амьсгалтай орон. Тэгэхээр жилд орох хур тунадасны хэмжээ бага. Хамгийн их тунадас долоодугаар сард унадаг. Энэ сард орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас хоёр дахин их байна. Ер нь 12 цагийн хугацаанд 50 мм-ээс дээш хэмжээтэй бороо орсон тохиолдолд гамшигт үзэгдэл гэж үздэг. Хэнтийн нуруунд хамгийн ойрхон Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг цаг уурын станцаас ирсэн мэдээллээр долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар сүүлийн 12 цагт орсон тунадасны нийлбэр 53 мм байсан. Тэгэхээр үүнийг гамшигт үзэгдэл гэж хэлж болно.

-Өнгөрсөн ням гарагт орсон аадар борооны үеэр хэр хэмжээний хур тунадас унасан бэ?

-Долоодугаар сарын эхээр болсон үерийн нөхцөл байдал бол Хэнтийн ууланд орсон борооны улмаас гурван газар үер болсон. Өнгөрсөн ням гарагт орсон борооны тухайд Улаанбаатарт хүчтэй конвекц өгч, 3-4 цагийн хугацаанд 25-86 мм тунадас орсон. Тухайлбал, Нисэх орчимд 25 мм, 1 дүгээр хороололд 26 мм, Хан-Уул дүүрэгт 86 мм хур бороо орсон. Ер нь аадар бороо нэг цагийн хугацаанд 30 мм хэмжээтэй орвол цаг агаарын гамшигт үзэгдэл гэж үздэг. Тэгэхээр энэ бол аадар борооны аюулт үзэгдэл юм.

-Цаашид хэр хэмжээний бороо орох вэ?

-Өнөөдрөөс нутгийн баруун хэсгээр, цаашлаад наймдугаар сарын 1-н хүртэл нутгийн ихэнх хэсгээр нэлээд халах төлөвтэй байна. Ер нь ирэх сард нутгийнхаа баруун хагаст олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн өмнөд, зүүн хэсгээр олон жилийн дунджаас арай ахиу, төв хэсгээр дундаж хэмжээний хур тунадас унах төлөвтэй байна.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батүүлэнцэрхор(202.21.108.22) 2023 оны 07 сарын 29

Үхсэн баас ямар юмных нь гамшиг байдаг юм. Олгитойхон арав хорин цаг хүчтэй аадар ороод голын эргээр хууль бусаар баярхаж барьсан барилгуудыг дэлбэ нураагаад урсгаад аваад явах ёстой байсан юм. Тэгсэн бол хууль зөрчдөг муу малнууд нэг юм ойлгох байсан юм.

0  |  0
(76.105.223.57) 2023 оны 07 сарын 29

Арьсаа хамгаалах арга уу. Арчаагүй новшнууд.

1  |  0
би(66.181.179.135) 2023 оны 07 сарын 29

энэ байтугай хэдэн хоногоор үргэлжлээд ордог л байсан шүү дээ

1  |  0
Я(202.9.46.70) 2023 оны 07 сарын 29

За болиорой

1  |  0
Top