Он гарснаас хойш 61,000 автомашин импортоор орж иржээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.08.01) болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.


Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн "Бүртгэлийн камерт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 336 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон гэж бүртгэгдсэн бол ихдээ 478 мянга бүртгэгдсэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж эхэлж байна. Ачаалал ихтэй гудамж, замуудын байршлыг гаргаж, түгжрэлийн уртыг тооцсон.

Түгжрэлд нөлөөлдөг 8-9 цэг байгаа бөгөөд үүнийг үе шаттай шийдвэрлэвэл үр дүнд хүрнэ. Мөн зарим замд нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалт хийснээр хөдөлгөөний эрчим сайжирсан" гэж мэдээлэв.

Олон улсад ашигладаг уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтын ангиллыг тооцоолох диаграммын аргачлалаар Улаанбаатар хотын төвлөрлийн бүсийн 54 уулзварын нөхцөл шаардлагыг тодорхойлжээ.

Энэ хүрээнд давхар түвшнээр зохицуулах шаардлагатай 26, тойрог замаар зохицуулах 23, гэрлэн дохиогоор зохицуулах гурав, зохицуулга шаардлагагүй хоёр уулзварын судалгаа гарсан байна.

Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх гарц нь их багтаамжийн нийтийн тээвэр гэдгийг албаны хүмүүс тодотгож байв.

Он гарснаас хойш буюу эхний хагас жилийн байдлаар 61 мянган автомашин Монголд орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top