Энэ сарын 6-ны байдлаар үерт өртөж орон гэргүй болсон 16 айл бүртгүүлсэн. Тэгвэл энэ тоо өчигдөр 22 болж нэмэгджээ. НОК-ын зүгээс тусламж, дэмжлэгийг шаардлагатай хүнд нь хүргэхэд анхаарна гэдгээ мэдэгдлээ.
Үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Замын хөгжлийн газар авто замыг хүчитгэх, замын зорчих хэсгийг хусаж, хайрга, дайрга тээвэрлэж, далан хөвөөний нөхөн сэргээлтийн ажил хийж байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Баянзүрх дүүргийн 5, 21, 27 дугаар хорооны 6926 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь хязгаарласан. Тэгвэл өдгөө 6790 буюу 98 хувь нь цахилгаанд холбогдож, 136 хэрэглэгч хүчдэлгүй байна. Үлдсэн хэрэглэгчдийн цахилгааныг удахгүй залгах юм.
Тээврийн цагдаагийн албанаас үерийн хор уршгийг арилгах сэргээн босголт үргэлжилж байгаа орчинд замын хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналтыг тасралтгүй явуулж байна. Нийслэлийн Байгаль орчны газар үерийн улмаас эвдэрсэн зам, талбайг засварлах, сэргээн босгоход шаардлагатай 1252 шоо метр хайрга, дайргыг “Эвт чулуу” ХХК-иас 64 рейсээр тээвэрлэсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газар үер болсон газар оршин сууж байгаа иргэд, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд оролцож байгаа ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Мөн эрүүл ахуй, халдвар хяналтын мэргэжлийн байгууллага автомашинаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй.
Түүнчлэн Зэвсэгт хүчний анги байгууллагын 200 гаруй алба хаагч 13 автомашинаар үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцож байна. Онцгой байдлын байгууллагаас 230 гаруй алба хаагч, 60 орчим машин, механизм, техник хэрэгсэлтэйгээр үерийн улмаас үүссэн хог, лаг шаврыг цэвэрлэж буй. Тэрчлэн Монголын Улаан загалмай нийгэмлэг үерт өртсөн 20 хүнийг түр байраар хангаж, 246 өрхөд хүнсний тусламж үзүүлжээ.
Хотын дарга үүрэг гүйцэтгэж буй ажилтан, алба хаагчид хийгээд үерийн гамшиг өртсөн иргэдэд тусалж буй хүн бүрд талархал илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )