Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эмчилгээ, оношилгооны шинэ технологи, арга зүйг эзэмшүүлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичгийг ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төв болон БНЭУ-ын “Маренго Ази” эмнэлэг, “Глобал кейр” байгууллагууд байгуулж өчигдөр /2023.08.22/ гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, төгсөлтийн дараах тасралтгүй сургалт хамтран зохион байгуулах, анагаах ухааны дэвшилтэт технологийг нутагшуулах, хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, инженер техникийн болон эрүүл мэндийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулах зэрэг хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах юм.
“Маренго Ази” эмнэлэг хамтын ажиллагааны эхлэл болгон нэг жилийн хугацаанд Энэтхэг улсад 15 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тасралтгүй сургалтад хамруулж, суралцах хугацааны сургалт, байр, хоолны зардлыг бүрэн хариуцахаар болсон. Цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр чадавхжуулах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Санамж бичиг байгуулж хамтран ажиллах болсонд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг талархал илэрхийлж “Засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох бодлого барьж байгаа. Энэ бодлогын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад эмчилгээ, оношилгооны орчин үеийн шинэ технологи, арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийг эзэмшсэн ур чадвартай боловсон хүчин бэлтгэх нь маш чухал байна. Тиймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг дэмжиж буй бөгөөд өнөөдөр байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гурван жилийн хугацаанд 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Энэтхэг улсад сургахаар төлөвлөж буйд Эрүүл мэндийн сайдын хувьд баяртай байна. Эхний ээлжид сургах 15 эмчийг маш зөв сонгож, зайлшгүй шаардлагатай чиглэлээр сургалтад хамруулахад анхаарч ажиллахыг та бүхнээс хүсье. Сураад ирсэн эмч нарыг тогтвор суурьшилтай, үр дүнтэй ажиллуулах тал дээр яам анхаарах болно” гэв.
"Меринго Ази" эмнэлгийн захирал Раажив Сингал уулзалтын үеэр Монгол Улстай хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өөрийн эмнэлэгтээ сургахаар болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд эмнэлгийнхээ талаар товч танилцуулсан.
“Маренго Ази” эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэгч байгууллага юм. Энэтхэг улсын хэмжээгээр Дели, Гужарат, Амдабар зэрэг томоохон хотуудад таван салбар эмнэлэгтэй, хэвтүүлэн эмчлэх 1700 ортой, эмнэлгийн бүхий л төрлийн үйлчилгээг орчин үеийн эмчилгээ, оношилгооны арга технологи ашиглан иргэддээ үзүүлдэг. Эхний ээлжид сургах монгол эмч нарыг яаралтай тусламж, эх хүүхдийн эрүүл мэнд, хавдрын судлал, зүрх судас, тархи судлал, элэг, бөөр шилжүүлэн суулгах чиглэлээр Дели, Амдабар дахь салбар эмнэлэгтээ суралцуулахаар төлөвлөж байгаа юм байна.
“Маренго Ази” эмнэлэгтэй хамтран ажиллах Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэжил дээшлүүлэх, Монголдоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчилдэг болох, оношлох шинэ технологийг нэвтрүүлэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэндийн салбарын гадаад хамтын ажиллагаа илүү өргөжиж байна. Дэлхий нийтэд Ковид19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор хамтын ажиллагааны хэлбэр тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн. Өмнө нь гадаадад багаараа явж шинэ технологид суралцдаг байсан бол шинэ технологийг эх орондоо суурьшуулах, нэг дор гурав биш 10 хүнийг сургах нөхцөлөөр зочин профессорын сургалтуудыг шинээр нэвтрүүлж эхэлсэн. Өнөөдөр байгуулсан Санамж бичгийн дагуу эмч мэргэжилтнүүдийг сургах асуудлаар эрүүл мэндийн байгууллагуудад шалгуураа явуулж, санал авснаар сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах болно” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )