БАЙР СУУРЬ: УИХ-ын гишүүд ба НӨАТ-ын буцаан олголт

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 20

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр хувь байгаа НӨАТ-ийн буцаан олголтыг таван хувь болгох санал асуулгыг эхлүүлээд байгаа билээ. Ингэхдээ уг санал нь 30 хоногийн дотор 100 мянган иргэний дэмжлэгийг авч чадах аваас хууль санаачилж УИХ-аар хэлэлцэнэ. Энэхүү хууль, эрх зүйн орчныг нь УИХ-ын тухай хуульд тусгаж өгсөн байдаг. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ыг 5 хувь болгох санал асуулга гурав хоногийн дотор  75 мянга гаруй иргэний саналыг аваад байна. Нөгөө талд Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох боломжгүй гэж мэдэгдээд байгаа юм. Тэгвэл энэхүү асуудалд УИХ-ын гишүүд ямар байрь суурьтай байгааг сонирхлоо. 


УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: Надад байр суурь байхгүй. Тэр Г.Занданшатар, Б.Жавхлан хоёроос очиж асуу. 


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: Татварын хууль, эрүүгийн хууль хоёр дээр иргэдээс санал авч, хууль хийж тогтооно гэж байхгүй. Төр л байгаа юм бол энэ хоёр хуулийг ард түмнийхээ саналын үндэс дээр бодлого гаргаж, авч явдаг. Хэн ч татвар төлөхгүй гэж хэлнэ. Хэн ч эрүүгийн хуулиар ял эдлэхгүй л гэж хэлнэ. Тиймээс төр байгаа бол зохицуулдаг, ард түмнээс асуухгүй шийддэг хууль бол энэ хоёр. Тийм болохоор "D-PARLIAMENT"-аар бид хуулийн санал авч шийдэх ёстой гэж хууль гаргасан нь үнэн. Гэхдээ энэ хоёр хуулиас бусад хуулийг л шийдэх ёстой гэж үзэж байна: 


УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: УИХ-ын дарга үндэслэлүүдээ гаргаж тавих ёстой. Ганц, хоёр хоногийн өмнөөс л санал авлаа шүү дээ. Нэг зүйлийг хэлмээр байна. Төсвийн бодлого, мөнгөний бодлого гэдэг чинь бодлого байдаг юм аа. Төвсийн бодлогыг Сангийн яам хийдэг юм. Мөнгөний бодлогыг төв банк нь хийгээд явдаг. Иргэдээс санал асууж байгаад шийдчихдэг юм бол Сангийн яам аа татан буулга л даа, тэгвэл Монголбанкаа татан буулга л даа. 


УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ: НӨАТ-ын буцаан олголтгүй гэлтгүй аливаа татвар буурахад АН-ын гишүүний хувьд төр цомхон байх ёстой. Иргэдэд бизнес хийх боломж их байх ёстой гэж боддог. Тиймээс аливаа татварыг бууруулахад бизнес эрхлэгчдээс иргэдээс ногдож байгаа татварыг буулгахыг би дэмжинэ, зөв гэж боддог. 


УИХ-ын дэд дарга С.ОДОНТУЯА: Би дэмжиж байна. Учир нь, 2024 оны төсвийн бүтцийг харахад 90 гаруй хувь нь татварын орлогоос гэж байгаа юм. Энэ нь өөрөөр хэлбэл асар их төсөв нэмэгдэж орж ирсэн. Энэ их төсөв, татвар чинь ард түмний нуруун дээр дарамт л болж ирнэ. Дарамт л байгаа байхгүй юу. Энэ дарамтыг бууруулах нь НӨАТ-ын буцаан олголт юм. 


УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.ЭНХ-АМГАЛАН: НӨАТ-ын буцаан олголт хоёр хувь байсныг таван хувь болгох боломжгүй. Одоо бид 2024 оны төсвөө боож байна шүү дээ. Төсвийн их үүсвэр 600 орчим тэрбум төгрөгөөр дутагдах эрсдэл үүснэ. Энэ дутагдах 600 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээр нөхөх вэ гэдэг давхар шийдэл байх ёстой. Ийм төсвийн их ачаалалтай байхад НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох нь эрсдэлтэй. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ ! 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.149) 2023 оны 10 сарын 21

Сонгогдохдоо иргэдээс санал авч сонгогддог юм байж юу юу гэнэ вэ. Иргэд биднийг төлөөл. Бидний төлөө ажил хий гэж сонгодог байгаа шүү. Хар хайрцгаараа гараад ирнэ гэж байгаа юм байхдаа энэ муу Тогтохсүрэн н- о-в- ш чинь.

0  |  0
Ард(43.242.243.21) 2023 оны 10 сарын 20

Иргэдийнхээ санаа сэтгэлээр УИХ, ЗГ, Сангийн сайд, улс төрчид битгий даажигнан тоглоом тохуу хийгээрээ ер нь энэ НӨАТ-ын санал асуулга болон бусад хэлэлцэх хуулиудын төсөл дээр санал авах гэж d.parliament.mn гэдэг веб сайтыг ард иргэдэд яах гэж ашиглуулж байгаа юм бэ? Ард иргэд чинь та нарын хүссэний дагуу өөрсдийнхөө саналыг өглөө үүнд ард иргэдэд буруутай юу байгаа юм УИХ, ЗГ НӨАТ-ын тухай асуудлыг ард түмний хүсэлтийн дагуу хүлээн авч нааштай шийдвэр гаргах л үлдлээ. Цаашид ч энэ маягаараа бусад хуулийн төсөлд дээр иргэд санлаа өгөх болно.

0  |  0
Top