Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, “Модон тавилга” бүрэн бус нөхөрлөлийн тэргүүн Л.Мягмарсүрэн:
-Миний хувьд техник мэргэжлийн сургуулийг будагчин, сийлбэрчний мэргэжлээр төгссөн. 1971 онд “Модны хоёр”-т хээ тавьдаг ажил хийж байгаад нийгмийн шилжилт болж ардчилал гарах үед үйлдвэр маань хаагдахад гэр бүлийн хүний хамт өнөөг хүртэл өрхийн үйлдвэрлэлээ эрхэлж, өнөөг хүртэл үргэлжлүүлж явна. Бидний хувьд гэрийн тавилга хийж байна. Авдар, ор, тогооны сав, шкаф, ширээ, сандал гээд монгол гэрт байх бүхий л тавилгыг үйлдвэрлэдэг.
Түүнээс гадна захиалгаар бусад төрлийн эд хэрэглэл хийдэг. Түүнээс автомат машинаар хийсэн сийлбэртэй бол авахгүй талтай. Гараар хийсэн гэрийн бүх төрлийн тавилгыг маань дээрх улсуудад нийлүүлдэг түнш бий, 20 гаруй жил хамтран ажиллаж байна. Уламжлалт сууцны тавилга үйлдвэрлэдэг учраас хөдөө орон нутгийн иргэдээс захиалга их ирдэг. Жуулчны баазуудаас ч захиалга орж ирнэ. Ер нь захиалга тасардаггүй учраас бидний ажил дөрвөн улирлын аль ч цагт өрнөж л байдаг даа. Дүүргийн удирдлага, Ахмадын хорооны зүгээс биднийг маш сайн дэмждэг. Манайх 2022 онд анх удаа дүүргээс олгодог хүүгүй зээлд хамрагдсан. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн зээлд хамрагдаж үзээгүй байсан. Ахмадын хорооны удирдлагуудын зүгээс бидэнд анх санал тавьсны дагуу төсөл бичиж оролцсон.
Ингээд шаардлага, шалгуур хангасан гэж үзээд биднийг таван сая төгрөгийн хүүгүй зээлд хамруулсан. Үйлдвэрлэлийн гол түүхий эд маань банз. Эргэлтийн хөрөнгөдөө тааруулаад банзаа авдаг байсан бол зээл авснаар түүхий эдийн нөөц бүрдүүлж авсан. Одоогоор бид нөөцөлсөн банзаа дуусаагүй байна. Таван сая төгрөг бол бидэнд их мөнгө шүү дээ. Зээлээ ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй авсан. Хүүгүй зээлд хамрагдсанаар үйлдвэрлэлийн бүтээмж хоёр дахин нэмэгдсэн. Хүн бол хүний л дэмжлэгээр явдаг амьтан шүү дээ. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Ахмадын хорооны дарга П.Төвсанаа нартаа танай сониноор дамжуулан баярласнаа илэрхийлье. Дүүрэг төдийгүй Ахмадын хорооны зүгээс ахмадууддаа хандсан маш олон төрлийн ажлыг зохион байгуулж байгаад баяртай байдаг. Миний хувьд хүн бүр өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийх ёстой, хүн өөрийнхөө, амьдралынхаа төлөө чадах бүхнээ хийх ёстой гэж үздэг. Өөрийнхөө энэ ойлголтыг хүүхдүүддээ ч зааж сургасан. Нэг хэсэг өвгөнөө байхад бид том чингэлэг дүүрэн тавилга гадагш нь ачуулдаг байлаа. Тухайн үед манайх арван гурвуулаа ажилладаг байсан. Одоо бол охин, хүү хоёртойгоо ажиллаж байна. Дүүргээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан үзэсгэлэн, худалдаанаас гадна аливаа сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Бид ч тухай бүрд идэвхтэй оролцдог.
Сэтгэгдэл ( 0 )