Маск хүн төрөлхтөн мөхөх аюултайг анхааруулав: Хиймэл оюун ухааны асуудлыг анх удаа хэлэлцэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 03

Хиймэл оюун ухааны аюулгүй хэрэглээний талаарх анхны дэлхийн дээд хэмжээний уулзалт Их Британид болж өнгөрлөө. Хоёр хоногийн турш технологийн томоохон компани, шинжээч, улстөрчид хиймэл оюун ухааны технологийг зохицуулах, аюулгүй хэрэглэх асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ сэдвээрх анхны дээд хэмжээний уулзалт Дэлхийн хоёрдугаар дайны үед Код тайлах төвийн байрлаж байсан Блетчли паркт болжээ. Яг энэ төвд Алан Тюринг тэргүүтэй баг фашистуудын кодлох машинуудын ашиглаж байсан “Энигма” кодын нууцыг тайлж байв.
 


Санамсаргүй тохиолдлоор дээд хэмжээний уулзалтын эхний өдөр англи хэлний хамгийн эртний толь Collins 2023 оны үгээр “AI” буюу хиймэл оюун ухаан гэсэн үгийг сонгожээ. Өнгөрсөн онтой харьцуулахад хиймэл оюун ухаан гэсэн үгийг хэрэглэх нь энэ онд дөрөв дахин өсжээ. Хиймэл оюун ухаан нь бидний цахим захидал, стриминг үйлчилгээ, нэгэн цагт алс ирээдүйн мэт санагдаж байсан өдөр тутмын технологид нэвтэрч, хөгжиж буйгаараа өнөө жил энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгсөн гэж  Collins толины хэвлэлийн газрын захирал ярьжээ.

Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хиймэл оюун ухааны илүү эрсдэлтэй хэлбэрийг хэрхэн удирдах тухай хүн төрөлхтний түүхэн дэх анхны хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уулзалтад оролцогчид тэргүүлэгч хиймэл оюун ухаанд онцгой анхаарал хандуулсан байна. Тэдний үзэж буйгаар, энэ нь одоогоор үл мэдэгдэх чадвартай хиймэл оюун ухааны өндөр хөгжсөн хэлбэр юм. Хэлэлцээрт мөн АНУ, Европын Холбоо, БНХАУ-ын төлөөлөгчид гарын үсэг зурсан байна.

Дээд хэмжээний уулзалтад Tesla, X болон хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “x.Al” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск оролцов. Уулзалтын өмнөхөн тэрбээр хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх аюултай хэмээн дахин сэрэмжлүүлсэн билээ. Уулзалтын бусад оролцогчид асуудалд илүү тайвнаар хандсан. Тэдний үзэж буйгаар, ирээдүйд заналхийлэх магадлал багатай аюул, эрсдэлийн талаар хүчтэй мэдэгдэл хийхээс залсхийж, үүний оронд өнөө цагт хиймэл оюун ухааны учруулж буй аюул, заналхийлэлд анхаарлаа хандуулах учиртай. Жишээ нь хиймэл оюун ухааны зарим төрлийн мэргэжлийг үгүй хийх, сурах явцдаа хиймэл оюун ухааны тухайн асуудалд нэг талыг баримтлах хандлага зэрэгт илүү ач холбогдол өгч байна.
 


Дээд хэмжээний уулзалтын оролцогчдод ирүүлсэн мэндчилгээндээ Их Британийн хаан III Чарльз тэргүүлэгч хиймэл оюун ухааны хөгжлийг цахилгааныг нээсэнтэй ижил ач холбогдолтой хэмээн мэдэгджээ.

Их Британийн Засгийн газрын мэдэгдсэнээр, дээд хэмжээний уулзалтад оролцогчдын баталсан Блетчлигийн тунхагт 28 улс орон хиймэл оюун ухаантай холбоотой өндөр магадлалтай эрсдэлийг ойлгох, хамтран удирдах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак энэхүү уулзалтыг томоохон амжилт гээд уулзалтын ачаар хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчид хиймэл оюун ухааны эрсдэлийг ойлгох нэн шаардлагатай гэдэгт санал нэгдэж, ингэснээр бидний үр хүүхэд, хойч үеийн урт, удаан ирээдүйн баталгааг хангах боломж нээгдсэн гэж мэдэгджээ.

Бусад улс орнууд мөн энэ технологийг удирдах асуудалд дэлхийн хэмжээний хандлагыг тодорхойлох шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэжээ.

БНХАУ-ын шинжлэх ухаан, технологийн дэд сайд У Жаохуэй хэлсэн үгэндээ БНХАУ хиймэл оюун ухааны салбарт нээлттэй байх зарчмыг баримталж буйг мэдэгдэв. Тэрбээр хиймэл оюун ухааны технологийг бүх нийтийн хүртээл болгох, мэдлэгээ хуваалцах чиглэлд дэлхийн хэмжээнд хамтран ажиллахыг уриалж байна гээд Хятад улс бүх талтай хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ явуулахад бэлэг хэмээн онцолжээ.

АНУ-ын худалдааны сайд Жина Раймондо дээд хэмжээний уулзалтын дүнгээр АНУ-д Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын хүрээлэн байгуулна гэж мэдэгдсэн бол  дээд хэмжээний уулзалтыг даргалсан Их Британийн технологийн сайд Мишел Донелан дараагийн уулзалтыг хагас жилийн дараа БНСУ хүлээн авч байгаа ба виртуал хэлбэрээр явах бол оролцогчид жилийн дараа Францад биечлэн уулзах юм.

Хүн төрөлхтнийг сөнөөж, дэлхийг аврах уу?

Хиймэл оюун ухаан аюултай хэмээн нэг бус удаа анхааруулсан Илон Маск дээд хэмжээний уулзалтаас өмнө өгсөн ярилцлагадаа зарим хүмүүс хиймэл оюун ухааныг дэлхийг хамгаалахын тулд хүн төрөлхтнийг устгахад ашиглаж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв. “Хэрэв хүмүүсийг муу гэж бодож эхэлбэл хүмүүс мөхөх ёстой гэсэн хамгийн энгийн дүгнэлтэд хүрнэ. Хэрэв хиймэл оюун ухааныг хүн төрөлтний мөхлийг дэмжигчид программчилбал түүний ашигтай функц нь хүн төрөлхтний мөхөл байх болно. Тэд үүнийг муу зүйл гэж бодох ч үгүй” гэж Илон Маск ярьжээ.
 


Энэ оны гуравдугаар сард Маск хиймэл оюун ухааны шилдэг боловсруулагчдын хамтаар нээлттэй захидалд гарын үсэг зурсан. Эл захидалд аюулгүй байдлын найдвартай дүрмийг боловсруулахаас нааш хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлтэд завсарлага авахыг уриалсан билээ. Хиймэл оюун ухааныг хэрэглэсний үр дагавар нь эерэг, үүсэн гарах эрсдэлийг хянах боломжтой гэдэгт итгэлтэй болсон цагт асар хүчтэй хиймэл оюун ухааныг боловсруулах нь зохистой гэж захидалд дурджээ.

Үүнээс нэг сарын дараа Илон Маск бодит байдлыг танин мэдэх зорилгоор хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулах “X.AI Corp” компаниа үүсгэн байгуулсан байдаг.

Хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтний хувь заяанд заналхийлнэ гэсэн айдас нь хэтрүүлэг хэмээн ихэнх шинжээчид үздэг. Их Британийн Ерөнхий сайд асан, өдгөө “Meta” компанийн дэлхийн асуудал хариуцсан ерөнхийлөгч Ник Клегг дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ хүмүүс хэт алсын таамаг дэвшүүлэхээсээ өмнө өнөөдөр тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулах учиртай гэж онцлов.

ВВС агентлагийн уур амьсгалын талаарх худал мэдээллийн асуудлыг хариуцсан сэтгүүлч Марко Сильвагийн хэлснээр, экологичид дэлхийн хүн амыг бууруулахын тулд ноцтой арга хэмжээ авахыг хүсэж байна гэх яриа хуйвалдааны онолчдын дунд өргөн дэлгэрсэн. Тэдний ихэнх нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид “үхлийг тахин шүтэх” үзэгдлийн нэгэн хэсэг гэж үздэг. Тэд хүмүүсийг албадан үргүй болгох зэрэг замаар хүн амыг бууруулахыг эрмэлздэг гэж үздэг. Мэдээж хэрэг үүнийг нотлох нотолгоо байхгүй ба уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, экологичдын дунд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ийм бодлого явуулахыг дэмжих хүн олдохгүй л болов уу.

Хэдийгээр дэлхийн хүн амын өсөлт дэлхийн нөөц эх үүсвэрт асар их ачааллыг бий болгож байгаа ч дэлхийн хамгийн шигүү суурьшсан улс орнуудад нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр хамгийн доогуур үзүүлэлттэй байдаг. Хиймэл оюун ухааны томоохон аюул нь хүмүүсийн ажлын байрыг автоматжуулах, илүү хүчтэй шинэ онлайн системд нэг талыг барьсан, буруу ойлголтууд тогтох явдал юм гэж ихэнх ажиглагчид дүгнэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top