Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандоржийг арслант ширээнд нь зална

2023 оны 11 сарын 17

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн таванд арслант ширээнд нь зална.


I Хамба Номун хан Агваанлувсанжамбал данзан.

II Хамба Номун хан Балжорравдан: Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын ёнзин багш нар байжээ.

III Хамба Номунхан Лувсанданзанжанцан: Эрдэнэ мэргэн бандида хутагтын (Ламын гэгээн) анх дугаар дүрийн хувилгаан. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хуварга болж, Өндөр гэгээн Зана базар хутагтын шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчэн богд Чойжижанцангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухаан ном үзэж судалсан байна.

IV Хамба Номунхан Лувсангэлэгравдандорж: Олноо Бэрээвэн номун хан хэмээн алдаршсан.

V Хамба Номун хан Содномринчин: Дүлба лам хэмээн алдаршсан. Төвөд лам

VI Номун хан Лувсандаржаа: Дашлхүнбэ хийдийн лам. 1741 оноос хамба номун ханд тушаагдсан. II Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш

VII Хамба Номун хан Жамбалдорж: 1758-1765 оны хооронд энэ албыг хашсан байна. Ноён номун ханы II дугаар үеийн хувилгаан, олноо Срайдорж номун хан хэмээн алдаршсан.

VIII Хамба Номун хан Лувсанжамбал: III дугаар Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш, 1765 оноос хамба номун хан болсон.

IX Хамба Номун хан Цэвээндорж: 1777-1791 оны хооронд энэ албыг хашсан. Олноо Бэрээвэн номун ханы III дүрийн хувилгаан хэмээн алдаршсан.

Х Хамба Номун хан Лувсантүвдэнванчүг: Манзушир хутагтын хоёрдугаар дүрийн хувилгаан. 1791-1806 оны хооронд энэ албыг хашсан.

XI Хамба Номун хан Жанчивдорж: 1806-1820 он хүртэл хашсан.

XII Хамба Номун хан Лувсанпринлайдандар: 1820-1822 он хүртэл хашсан. Эрдэнэ хамба хутагтын хувилгаан. Эрдэнэ хамбын хүрээ нь Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутаг Жаргалант уулын өвөрт байжээ.

XIII Хамба Номун хан Рэнчинжав: 1822-1830 оны хооронд энэ албыг хашсан. Срайдорж номун хан болой.

XIV Хамба Номун хан Лувсаншарав: Төвд хүн. Банчэн богдоос IV Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар ирсэн. Гачэн цолтой. 1830-1833 оны хооронд хамба номун ханы албыг хашсан. (Өндөр гачин)

XV Хамба Номун хан Агваанхайдүв: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын ойр Тариат хэмээх газрын Мандал толгой хэмээхэд мэндэлсэн. Жэдорын хамба лам хэмээн алдаршсан таван боть сүнбүм зохиолтой. Дашчойнпэл дацанд ном эрдэм суралцан улмаар Түвдийн Брайвүн хийдийн Гоман дацанд 15 жил ном үзэн судалсан.

XVI Хамба Номун хан Лувсанжамъян: Төвд хүн. V Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багшаар томилогдон ирсэн. 1838-1840 он хүртэл энэ албыг хашсан.

XVII Хамба Номун хан Дорж: Их шавийн Эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. VI Богдыг Монголоос тодруулах оролдлого хийсэн хэргээр албан тушаалаас нь удалгүй буулгасан. 1840 онд энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.

XVIII Хамба Номун хан Лувсаннамжил: Төвөд хүн. Гачэн цолтой. VI Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдаж ирсэн. 1847-1848 оны хооронд энэ албыг хашсан.

XIX Хамба Номун хан Лувсанчүлтэмжигмэд: 1847-1853 он хүртэл энэ албыг хашсан.

ХХ Хамба Номун хан Дорж: 1853-1865 он хүртэл дахин энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.

ХXI Хамба Номун хан Балданчойнпэл: Төвөд хүн. VII Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдан ирсэн. VIII Богдын ёнзингоор томилогдсон.

ХXII Хамба Номун хан Пунцаг-Осор: Их шавийн Цуян отгийн харьяат. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт мэндэлсэн. Их хүрээний Зоогой аймгийн лам. Дашчойнпэл дацангийн гэсгүй, 1891 онд Их хүрээний цорж, 1897 онд дэд хамба, 1900-1920 он хамба номун ханы албыг хашсан.

ХXIII Хамба Номун хан Лувсанхаймчиг: 1915 онд VIII Богдын жавтүй ламаар залагдан ирсэн. Ёнзин хамба хэмээн алдаршсан.

ХXIV Хамба Номун хан Найдангийн Эрдэнэпэл: Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их уул сумын нутагт 1887 онд мэндэлж бага насандаа хошууны гол хүрээ Тариатын хүрээнд шавилан сууж байгаад их хүрээний гүн ухааны Дашчойнпэл дацанд ном судлан 1933 онд гавж цол хамгаалсан. МБШТГандантэгчэнлин хийдийг 1944 оны зуны эхэн сард “Мөргөлийн дуган” нэртэйгээр хурал номын үйл ажиллагаагаа эхлүүсэн бөгөөд тус хийдийн анхны хамба ламаар Н.Эрдэнэпэлийг тохоон томилсон.

ХXV Хамба Номун хан Самаагийн Гомбожав: Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-овоо сумын нутагт 1901 онд мэндэлсэн. Их хүрээний Идгаачойнзинлин дацанд гүн ухааны ном судлан 1935 онд гавж цол хамгаалсан. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдон 1980 он хүртэл 20 жил ажилласан.

ХXVI Хамба Номун хан Хархүүгийн Гаадан: Увс аймгийн Бөхмөрөн суманд 1923 онд мэндэлсэн. Бага насандаа Төгсбуянтын хүрээнд шавилан сууж ном эрдэмд боловсорсон. 1980-1990 он хүртэл хамба ламын албыг хашиж байсан.

ХXVII Хамба Номун хан Сугарын Дагвадорж: Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 1924 онд мэндэлсэн. Бага насандаа нутгийнхаа Ганданшадүвлин хийдэд ном эрдэмд сурч боловсорсон. 1990-1991 оны хооронд хамба ламын албыг хашсан.

ХXVIII Хамба Номун хан Төмөрийн Дамдинсүрэн: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүнжийн сүмийн Сүмчин отогын нутаг, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баруун баян хэмээх газар 1900 онд мэндэлсэн. 1990 онд гавжийн дамжаа барьсан. 1991-1992 он хүртэл хамба ламын албыг хашсан.

ХXIX Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц: Хамба номун хан Д.Чойжамц нь билгийн тооллын XVI жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын "Хайрхан булаг" хэмээх газар лагшин мэндэлсэн. Тэрээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын голч, Да лам, Дэд хамбын мяндаг тушаалыг 1976-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ.

Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны бэлэгт сайн өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн "Тэргүүн их хамба" хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеэс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийг чин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн түүхэн гавъяатан юм. Тэрбээр Монгол Улсын АИХ-ын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож, үндсэн хуульд "Төр шашнаа хүндэлж, шашин төрөө дээдэлнэ" хэмээх тэргүүтэн Бурхны шашны байр суурийг бататгах заалтуудыг оруулахад гол санал санаачилгыг гарган ажилласан билээ.

МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан гавж Д.Чойжамц 1992-2023 оны хооронд буюу 31 жилийн турш дээдсийн зарлигийг доройтуулахгүйг, умар зүгийн Монгол орны шашны эзэн, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээнээ хувьсгалт засгийн үед тасарсан болоод доройтсон уламжлалуудыг сэргээх, арвитган дээшлүүлэх хүнд бэрх үүргийг хүлээн авч шашин, амьтны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж ирсэн.

Энэ хугацаанд түүний Монголын Бурханы шашны түүхэнд гүйцэлдүүлсэн бодлогын зарим амин чухал зохиол үйлсийг нь товч сийрүүлбэл;

Дээрхийн гэгээн XIV Далай багшаар X Богд гэгээн Жэвзүндамба хутагтыг шашны уламжлал дагуу тодруулуулан залж Монголын төр засаг ба нийгмээр хүлээн зөвшөөрүүлэн X Богд гэгээн Жэвзүндамба хутагт Данзанжамбалчойживанчүгт уламжлалт болон орчин цагийн боловсрол эзэмшүүлэх их чухал үйлсийг эхлүүлсэн11. Хамгийн амин чухаг асуудал болох Монголын Бурханы шашныг цаашдаа аливаа гүрний шашин, улс төрийн нөлөөнөөс хамааралгүй, тусгаар, бие даасан байдлаар өөрийгөө авч явах, хөгжиж дэлгэрэх түүхэн нөхцөл боломжийг бий болгосонТэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамц бээр “Эдгээр үйл хэргүүдийг гагцхүү зарлигийн ачит дээдс багш нарийн аврал, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээний Ядам, бурхад, номын сахиуснуудын адистид, үе үеийн Захиргааны зөвлөлийн хурлын гишүүдийн идэвхтэй хамтын ажиллагаа, хийд орны нийт лам хуврагуудын дэмжлэг зэрэгт дулдуйдан хэрэгжүүлсэн болох нь чин үнэн билээ.” хэмээн айлдсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өө(59.153.115.212) 2023 оны 11 сарын 19

Лам хуврагаар хөгжөөд сайжирвал сайжирхаал боллоо ингэж худ бие өргөмжилхөө боливол таарна

0  |  0
Top