Өвлийн өвгөнд хүүхэд болгон хайртай

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

Жаахан байхад шинэ жил дөхөхөөр хичээлдээ шамдаж, онц гараад  өвлийн өвгөн ааваас ууттай бэлэг авахыг мөрөөддөг сөн. Тэгж бодохоор л ууттай бэлгэн доторх алим, мандорины үнэр  сэнхийх шиг болж сэтгэл гижигдэнэ. Бас өвлийн өвгөн аавд үнсүүлж, “Онц сураарай, хүү минь” гэсэн ерөөлийн үг сонсох  хамгаас сайхан. Өвлийн өвөө намайг онц сураарай гэсэн юм чинь гээд л хичээлдээ шамддаг сан. Ийм л хүчтэй, шидтэй  эд байлаа, өвөөгийн ерөөл, ууттай  бэлэг хоёр. Одоо ч гэсэн түүний уламжлал, үргэлжлэл байгаа байх.

Өвлийн өвгөн ирж бэлэг өгдөг энэ баярыг монголчууд социализмын үеэс тэмдэглэсэн болов уу. Ёолк хийх, ёолкдох хэмээн чамирхан ярьж, “С новым годом” хэмээн мэндчилгээ дэвшүүлж байснаа “сүлд мод, сүлд модны наадам хийх” хэмээн хөрвүүлсэн ч  Цагаан сар тэмдэглэхийг  тас хорьж явсан түүхтэй. Зарим нь малчны баяр, сар шинийн баяр хэмээн “Цагаан сар”-аа хадгалж үлдэхийг хичээж байсан гэдэг. Ямартай ч оросуудын “Дед Мороз” гэх өвгөнийг манайхан өвлийн өвгөн аав болгож, үндэсний хувцсаа өмсүүлж өөриймсөг хүлээж авдаг болж, амжилт бүтээлээ дүгнэж цэгнэдэг утга төгөлдөр сайхан баяр болж хэвшив. Гэхдээ “Христийн мэндэлсний баяр” гэж жийрхэх нь ч бий. Шүүмжлэх нь ч байдаг л. Гэхдээ л нүүр буруулсангүй, өвлийн өвгөн аавд үе үеийн  хүүхдүүд бүгд л хайртай хэвээр. Яагаад гэвэл өвөө бэлэг өгдөг, бас ерөөдөг.

Сүүлийн үед өвлийн өвөө улаан хувцастай Санта Клаус болж, бид бие биедээ “MERRY CHRISTMAS” хэмээн мэндчилгээ дэвшүүлэх болсон. Шинэ жилийн энэ баяраар хүн бүрийн нүд аз жаргалаар дүүрэн, бие биенээ баярлуулах чин хүсэл дүүрэн байдаг. Крисмас баярыг дэлхий даяар маш сүртэй тэмдэглэдэг бол барууны орнууд,  Европ, Зүүн Ази хавиар мөн  өргөн тэмдэглэдэг. “MERRY CHRISTMAS нь “Зул сарын баяр”, мэндчилгээ нь  “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн утгатай. Сүмд  очих, өргөл барьц барих, бэлэг солилцох, гацуур модоо чимэглэх гээд ёс жаягтай. Шашны баяр ийнхүү шинэ жил, он солигдох мөчийн баяр жаргалыг билэгдсэн баяр болж өргөн тэмдэглэх болжээ.

Гэхдээ нүүдэлчин монголчуудын сэтгэлгээнд

“Оны эхнийг угтсан

Онгон буурал Заяач” гэж өвлийн өвөөгийн тухай утга санаа байсаар ирсэн. Заяач өвөө цагаан дээлтэй, цагаан морьтой, сарьдгийн оройгоор дүүлж, хишгийн уут дүүрэн бэлэг сэлттэй морилдог. “Алтан бумбын орноос хагарч гарсан Заяач” гэж билэгддэг, дом нь тийм гэлцдэг. Энэ бол сахиус, шүтээн. Айлд тооноор нь орж ирж, толио туяагаа тусгаж, тотгон дээгүүр нь эргэлдэж зол заяаг нь залгуулж, айл айлын гадаа буян хишиг яаж дэлгэрч байна вэ гэдгийг харж баясаж явдаг, үнэр хүлэгтэн гэлцдэг. Тиймээс ууцны үнэрээр айлсдаг гэлцдэг. Ууц нь өөрийнх нь хөдөлмөр, хөдөлмөрийнх нь үр шим нь хонины тарга бөгсөндөө, ямааны тарга цээжиндээ  гэдгээр илэрч байна гэсэн утгатай. Ингээд өсгөсөн хонь маань  олон мянгад хүрлээ, түүнийхээ дээжийг Заяач өвөөдөө тавъя гэж хэлэлцдэг гээд домог түүх ухвал, өвлийн өвгөн аав  бидний уламжлалд байсан ч юм шиг ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top