Монголын шог зургийн “загалмайлсан эцэг” гэгддэг Ардын зураач Цэвэгийн Байды бол шог зураачдын дундаас төрсөн анхны ардын цолтон юм. Монгол оронд ардчилал ирсэн тэр жил үзэл бодлын чөлөөт байдлыг ус, агаар мэт хүсэмжилж байсан “Тоншуул” сэтгүүлийнхэн өөрсдийн хогшил болох сандал, ширээ, ганц төмөр сейфээ ачаад, хоёрхон сарын төсөв мөнгөө өвөртлөөд “Үнэн” сонин гэх тэр их айлаас өрх тусгаарлан Зохиолчдын хороог зорьсон түүхтэй. Эрхлэгч Жаргалын Барамсай хоёр жилийн дараа өөр ажилд шилжсэн тул сэтгүүлийн бүхий л асуудал Байды зураачийн толгой дээр бултах аргагүйгээр буусан даа. Тэр цагаас хойш энэ сэтгүүлийн хувь заяаг төөрөгдүүлэхгүйн төлөө өөрт байгаа бүхнээ дайчилсан энэ эрхэм хүндэт хүний гавьяаг аливаа бүхний тэгш эрх, нийгмийн шударга байдлыг дэмжигч, бурангуй ёс суртахууныг жигшигч хэн бүр хүндэтгэн талархах учиртай юм.
Тэр хүн хэдийгээр өдгөө улсын алба эрхлээгүй ч хувиараа хийж бүтээх ажил нь эгээ л залуу насных шиг нь ундраастай байна. Ц.Байды гуай захиалагчийн хүсэлтээр Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийг хуулж зурснаа ярьж, зурахын тулд ямар олон эскиз хийснээ үзүүлэв. Ийм зургийг өдий насандаа бүтээнэ гэдэг түүний авьяас билэг, чадал чансаа, хар багаас эхтэй уран бүтээлдээ өгсөн гүн гүнзгий хайрыг нь илтгэнэ.
-Монголын шог зураачид түүхэндээ анх удаа өнгөрсөн жил Ардын зураачтай болсон. Таныг шог зураачдын Ноён оргил хэмээн хүндлэн бишрэгчид олон байна. Энэ их алдар хүнд “Тоншуул” сэтгүүлээс эхтэй гэдэгт эргэлзэх зүйл алга. Таны хувьд хүндэтгэн мэхийх Ноён оргилууд байсан уу?
-Тэр үед хошин шог зургийн тэргүүн магнайд явж, ард түмнээс сайшаал магтаал хүртэж явсан Арнайн Гүрсэд, мөн хэдийгээр “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байгаагүй ч зураг бүтээл нь үргэлж нийтлэгдэж байсан Вандагийн Одгийв нарыг би шог зургийн жинхэнэ Ноён оргилууд гэж хэлнэ. Дараачийн үеийнхнээс гэх юм бол Цэндийн Доржготов л байна даа. Одгийв гуайтай номын зураг дээр хамтран ажиллаж байсан гэх мэт эдгээр хүмүүстэй аливаа нэг цаг үед хамт байсандаа бахархаж явдаг.
“Тоншуул” сэтгүүлд ажиллаж, шог зургаараа нэгэн үеийн төлөөлөл болж байсан Ойдовын Нямсүрэн гэдэг хүнийг дурсах ёстой. “Хошин шогийн дээж” номд би энэ хүний тухай нэлээн дэлгэрэнгүй дурсамж оруулж, сонин хэвлэлд нийтлэл бичиж байсан. Мөн Арнайн Гүрсэд гуайг өнгөрснөөс хойш зураг, бүтээлийг нь энд тэндхийн архиваас цуглуулж, өөрт байснаа нэмэрлэж бие даасан үзэсгэлэнг нь гаргасан юм. Би түүнийг “багш” гэж хүндэлдэг, зураачид бүгдээрээ “өвөө” гэж авгайлдаг байлаа.
-Өмнө нь олон нэршилтэй байсан хошин шогийн сэтгүүлд сүүлийн “Тоншуул” нэрийг хэн, хэрхэн өгсөн нь сонин байна...?
-Сэтгүүлийг “Матар” гэж байх үед л Б.Жамд, Ц.Доржготов хоёр “Тоншуул” нэрийг өгсөн юм. Тоншуул шувуу модны өт хорхойг түүж эрүүлжүүлдэгтэй адил “Тоншуул” сэтгүүл нийгмийг өвчлүүлэгч аливаа буруу, бурангуй үйлдлийн өт хорхойг түүж цэвэршүүлнэ гэдэг утга санаагаар ийнхүү нэрлэсэн байдаг. Анх “Хурц дөл”, дараа нь богинохон хугацаанд “Хүмүүжил, жигшил”, харин миний мэдэхийн л 1954 онос “Матар” нэртэй байсан. “Тоншуул” сэтгүүл нэрээрээ уншигч олонд илүү танигдаж, хурц дайчин нийтлэл, шог хошин зургаараа таашаагдах болсон юм. Эрхлэгч Жамд гэж их ухаантай, сэргэлэн, шинэ цагийн сэтгэлгээтэй, сайн зохиолч хүн байсан. Энэ үед үйлдвэрийн газар зураг хуулдаг ажилтай байсан залуу хүү Цэндийн Доржготов ирсэн гэдэг юм.
-Энэ үед та хаана байв?
-Би Дундговь аймгийн Урчуудын салбарт ажиллаж байсан. 1962 онд сайн дураараа цэрэгт татагдаж, Шувуун фабрикийн наахна Нисэхийн тэнд их бууны тусгай дивизионы ангид хуваарилагдаж, халагдталаа зураачаар ажилласан хугацаа нь гурван жил, зургаан сар болж байгаа юм. Жаран оны үед юм уу даа, Оросын цэргийн ангиуд буцахдаа үлдээсэн маш том заалыг харьяандаа байлгадаг цэргийн ангийн дарга нь арми даяар алдартай Хуниа Аюуш гэж хүн байлаа. Тэгтэл жил ч болоогүй нөгөө анги татан буугдав аа. Хэдийгээр би тэр ангид хамааралгүй боловч цэрэг хувцастай, цэргийн дүрэм журамд захирагддаг, цэргийн хоол унд иддэг, бас ч гэж гурван төгрөгний цалинтай зураачийн ажлаа хийж, нөгөө том заал буюу клубтээ үлдсэн юм. Голдуу энд тэндхийн цэргийн байгууллагаас ирсэн захиалгын зураг зурна. Заримдаа улаан даавуун дээр лоозон, плакат, төрийн удирдагчдын хөрөг зураг гээд юу эсийг зурах вэ дээ. Би Ленин, Сүхбаатар, Маркс, Энгельс, Хрушевийг олон зурсан. Мао Зэдунг хүртэл зурсан. Ер нь л ажил тасарна гэж байхгүй, өдөр шөнө ялгалгүй зураад л байна шүү дээ. Тэр үед армид ердөө хоёрхон зураач байсан юм гэдэг. Би хэдийгээр зургийн сургууль төгсөөгүй ч тэд нараас дутахааргүй л ажиллаж байж дээ. Залуу байсан болоод тэр юм уу, захиалгын зурагнуудыг жигтэйхэн их дуртай, баяр хөөртэйгөөр зурдагсан. Ханын сонин зуруулах гэсэн, өөрийгөө зуруулах гэж ирсэн хүнд маш их баярлана. Зураг зурах хүсэл нь дээд цэгтээ оргилсон ийм л хүн явлаа даа.
Сүүлдээ нөгөө клубт маань оройн цагаар бүжиг танц явагддаг, хурал цуглаан зохиогддог, ханын сонин тавигддаг болсноор би гэдэг хүн эвлэлийн үүрийн даргын ажлыг хамт хийх маягтай, тайлан бүртгэл гаргах үүрэгтэй болж билээ. Ханын сонингийнхоо тайлбарыг хар бэхээр жирийтэл бичээд цэргүүдийн будилсан, сахилгагүйтсэн хэрэг явдлыг хөөрхөн шоглоод зурчихна. Бүжиг явуулдаг гэлээ шүү дээ, тэрэнд чинь хөгжим, ая хэрэгтэй. Би өөрөө гармони хөгжим тоглоод л гүйцээ, бусдын ямар ч тусламж байгаагүй.
-Хөгжим тоглодгийг тань ёстой мэдээгүй юм байна шүү!?
-Увс аймгийн Баруунтуруунд трактор комбайны сургалтаар ирсэн орос мэргэжилтнүүдэд миний том ах Бархас хэлмэрч хийхээр жилийн хугацаатай очиход нь би хамт явсан юм. Ажлаа дуусаад ах буцахад үеийн олон найзаасаа салж чадаагүй би тэндээ үлдэж, 10 дугаар ангиа төгсөөд цэрэгт мордсон хүн дээ. Харин цэргээс халагдахад ирсэн газарт нь буцаах журамтай гээд эгээтэй л Баруунтуруун явчихаагүй. Хөгжмийг бол сургуульд байх үедээ л тоглож сурахгүй юу. Би бас морин хуур сайхан тоглодог байсан. Цэргээс халагдаж ирээд аймгийн дүрслэх урлагийн салбарт ажиллаж байхдаа соёлын ордны сайн дурын уран сайханд явдаг байлаа. Тэр үед одоо энэ гавьяат хуурч Л.Идэрбат ирж морин хуурын бүлгэм байгуулсан юм. Би бүлгэмд нь ороод нэлээн сайн сурсан юм уу, нэг удаагийн тайлан тоглолт дээр ардын хоёр дуугаар гоцлол хөгжим тоглосон удаатай. Бас дуулна аа. Голдуу “Үлэмж саруул”, “Хавар”, “Алтайн уулс” дууг дуулна, нэг удаа бүр тав дахиулсан гэж байгаа. Залуу байхад аль ийш тийш савчиж явахыг тэр гэхэв дээ. Бас зохиолчдын бүлгэмд орж, шүлэг, зохиол бичихэд дурлаж явсан үе бий. Гэрч нь гэвэл, өнгөрсөн хатуу чанга нийгмийн үед дөрөв, таван ном, одоогийнхтой нийлээд арав гаруй ном хэвлүүлсэн “лут зохиолч” болсон юмдаг уу даа.
-Хэдий үеэс зураг зурж эхэлсэн юм бол, даган дууриах хүн байв уу, танд?
-Байсангүй л дээ. Аав маань хэдийгээр зурдаггүй ч нутаг орондоо нэртэй дархан хүн байсан юм. Залуудаа алт, мөнгөөр юм хийдэг байсан. Миний ах биед хүрээд, насанд хүрсэн ч гэж дээ, арван гуравтай л байсан байх. Ахыг эр хүн боллоо гээд эмээл хазаартай морь өгөх болж л дээ. Дархан хүн чинь бусдын юмыг л хийж өгч хариуд нь сааль сүү, төлөг шүдлэнхэн авна. Уг нь манай аав их баян хүний зээ байсан юм шүү. Тэрнээс нь үлдсэн барьсан юм байсан юм уу, юутай ч ахад эмээлийн баавар хийж өгч байхад би дэргэд нь байж байсан юм. Манай аав алиа хошин үг яриатай, хүнд нэр хоч өгөхдөө гаргууд хүн байсан. Ямар сайндаа л сумын намын хороонд дуудагдаж донгодуулж байхав дээ.
1995 онд нээгдсэн миний үзэсгэлэн дээр хамгийн том эгч Батмөнх маань ирж үг хэлсэн байдаг. Эгч хэлэхдээ, намайг яг зургаан настайдаа сонины захын цагаан цаасыг урж аваад түүн дээрээ зураг зурдаг байсан, өөрөө мэддэг юм болов уу, үгүй болов уу. Гэтэл өнөөдөр ийм том үзэсгэлэн гаргасан зураач болжээ гэсэн юм.
-Таны үеийн зураачдын бүтээл хэлмэгдэлтэд өртөөгүй нь бараг үгүй байх. “Бага ястан” зураг тань бөөн хэл ам дагуулсныг санаж байна...
-Зургийн сэдэв өөрөө ямар ч хэл ам дагуулахаар юм байгаагүй. Нохой хөтөлсөн махлаг эмэгтэйн зураг байсан шүү дээ. Эхнэр нь нөхрөө дарамталдаг, хүзүүвчтэй нохой шиг харьцдаг гэсэн гэр бүлийн хүчирхийллийн тухай сэдвийг хөндсөн байсан. Хажууд нь бас том, жижиг хоёр гүрвэлийн зураг хэвлэгдсэн юм. Тэр үед зурганд заавал нэр өгөх ёстой байлаа л даа. Ямар нэр өгдөг юм билээ гэж байтал хажууд байсан нэг зохиолч “Бага ястан” гэчихээч гэхээр нь элдэв юм бодсон ч үгүй тавиад туучихгүй юу. Зургийн нэр нь тэр хоёр зургийн голд тавигдчихсан байсан учраас утга агуулгаараа холбоо зураг шиг харагдаад Төв Хорооны үзэл суртлын хэлтэст дуудагдаж, Увс аймгийн ард түмэнд буруугаар ойлгогдох хэмжээнд хүргэсэн байдаг аа . Энэ мэт зураачийн бодоогүйг бодож олоод, хараагүйг ургуулж хараад хэл ам үүсгэдэг хэцүү нийгэмд амьдарч байсан даа.
-Тоншуулынхныг бодит онигоо, юмыг цаашлуулсан яриагүйгээр төсөөлөх аргагүй ээ. Жишээ нь, Жанлав гуайн тухай онигоо байдаг даа?
-Жанлав гуайн бие ямар байна гэсэн чинь, ээ, их муу байгаа. Яагаав ээ гэсэн чинь, курткээ нөмөрчихөөд паарныхаа дэргэд суугаад байна. Энэ бол Ц.Гайтав гуай, А.Гүрсэд гуай хоёр коллегийн хурал дээр ярьсан яриа юм. Дарга нар юу яриад байгааг нь ч ойлгосонгүй гэнэ. Дараагийн хурал дээр Гайтав гуай, хөөе Гүрсэд ээ, Жанлав гуайн бие тэгээд ямар байна гэхэд, бие нь бүр сайжирсан байна лээ, бараг нисэх шахаж байгаа байх аа гэхэд Гайтав гуай, тэгвэл би явж тэр муу хөгшинтэйгөө нэг уулзъя байз гэжээ. Тэдний ярианы гол баатар Жанлав бол исгэж уудаг байсан бараашигных нь нэр юмсанж. Арнайн Гүрсэд гуай юмыг дандаа зүйр үгээр ярина. Нэг баяр болох үеэр нэр хүндтэй Гүрсэд гуайн зургийг бөөн зурагчин шавалдан тал талаас нь авчээ. Арай гэж мултарч гарч ирснээ, өнөөдөр чинь хачин их зураг авлаа даа, ёстой нүүр хорстол зураг авлаа даа гэсэн гэдэг. Гүрсэд гуай Өвөрхангайд эгчийндээ очоод ирэхдээ, за ёстой зуун грамм уух гэж мянган грамм загнууллаа гэж ярьжээ.
-Ц.Байды гуайн байдалд орж байсан хөгтэй, хөгжилтэй дурсамж байвал сонсож инээмээр л байна...
-Юу байдаг юм, над юу ч байхгүй. Би нэг удаа автобусанд суугаад явж байсан юм. Шляпан малгайтай, ерөнхийдөө орчин үеийн хүмүүс шиг л хувцастай явсан. Гэтэл цаанаас нэг хүн хүрч ирээд, за сайн явж байна уу, бүтээл өндөр үү гээд их л дотно харьцаж байна аа. Гайгүй ээ, юм хийж л байна гэвэл нөгөө хүн, би таниар ёстой их бахархдаг, биширч явдаг, та бол агуу уран бүтээлч, улс даяар алдаршсан хүн гэхэд нь би, за баярлалаа, тийм байх аа гэж тэрүүхэндээ бувтналаа. Таны бүх уран бүтээлийг чинь би мэднэ шүү дээ гэхээр нь би бүр урам ороодохов. Төд удалгүй миний буух буудал ойртож, босоод хаалга руу дөхтөл нөгөө хүн, за баяртай, уран бүтээлийн амжилт хүсье, Бирваа гуай гэдэг байгаа. Жигтэйхэн баяртай байсан хүн тийм үг сонсохоор ямар олиг байхав дээ, гутаад явчихсан. Бирваа гуай бид хоёр гаднах төрхөөрөө уг нь их адилхан. Тэр өмссөн зүүсэн байдал нь тун төстэй шүү дээ.
-Доржготов гуайн онч шоглолд өртсөн ноёнтнуудыг тоолж яахан барах вэ дээ, тийм ээ?
-Манай Доржготов мундаг хүн л дээ. Би ганцхан Доржготовын зохиолыг л уншдаг байсан. Социализмын үед чинь Төв Хорооны бүгд хурлын илтгэлийн дагуу шахам зохиол бичдэг байсан шүү дээ. Манай “Тоншуул”-д ч гэсэн тэр илтгэл, тогтоолыг уншиж байгаад зураг зурдаг хүн ч байсан. Доржготов бол тийм биш, жинхэнэ уран бүтээлч хүн байгаа юм. Би Доржготовыг ер нь бишрэн шүтдэг. Намайг аймгийн Урчуудын салбарт ажиллаж байхад “Үнэн” сонины харьяа “Тоншуул” сэтгүүлд шилжүүлэн авах тухай сайдын тушаал ирсэн юм. Хотод очих үеэр байдлыг тандах санаагаар “Тоншуул” сэтгүүлээр нэг оръё гэж бодож явлаа. Тэгтэл Улсын их дэлгүүрт санаандгүй явж байгаад Доржготов, эхнэр Мягмаржав хоёртой таардаг байгаа. Сайн уу, мэнд үү гээд бөөн юм боллоо. Чамайг “Тоншуул”-д татах гэж байгаа шүү дээ, энэ “Тоншуул” чинь их сүрхий газар даа, чи бол яг тохирно гэж Доржготов хэлж байна. Мягмаржав юм худалдан авахаар цааш явах хооронд бид хоёр цонхны хажууд очив. Хэдий хавар цаг байсан ч гадаа нэвсийтэл цас орж байлаа. Доржготов ингэж ярилаа, чамайг “Тоншуул”-д ирэхэд Засгийн газрын гуанзанд хооллох үнэмлэх өгнө, тэгээд чи тийшээ орно оо гэж байна. Тэгэхэд нь би, тийм үү, за тэр хоол ч яахав гэсэн. Тэгтэл Доржготов, үгүй ээ, чи сонсож бай, тэр хоолны газарт чинь хоёр, гурван хуруу зузаан өөхтэй шарсан хавирга идсэн том, том дарга нартай хамт хоол иднэ дээ, чи гэв. Яахав дээ, тэгвэл тэгнэ л биз гэж намайг хэлэхэд, Доржготов “Тэр дарга нар чинь орж байгаа цасыг цонхоор харангаа “Бид яах вэ, муусайн малчид л яана даа” гэж харуусаад зузаан өөхтэй хавиргаа идэж суудаг юм шүү дээ” гэж хэлсэн юм. Манай Дундговьд ингэж ярих хүн байхгүй юм чинь. Доржготов тийм л хүн, цаг үед нь тааруулаад гоё хэлж чаддаг. Түүний энэ яриа “Тоншуул”-д ажиллах миний бодлыг бат нот болгосон юм даа.
Ё.Жигмэддулам, Х.Цэрэндорж бид гурав олон жил Урчуудын салбарт хамт ажилласан салшгүй найзууд байлаа. Хоёулаа надаас дүү л дээ. Намайг хот руу шилжих үед Цэрэндорж гадагшаа сургуульд явчихсан байсан тул Жигмэддулам намайг гаргаж өгнө гэж хоёулаа өнжин хонон манайд идэж уусан юм. Явах өглөө тэр маань надад, “Найз минь чамдаа ганц л юм захья, чи ер нь дарга нарт их дургүй, дандаа шүүмжилж байдаг хүн, тэрүүн дээр алдана шүү. Тэр нам, засаг гэдэг чинь хэрэгтэй хүнээ, оносон хүнээ л томилж байгаа шүү дээ. Чи тэрийг сэтгэлдээ хатуу санаж, барьж байгаарай” гэж хэлсэн нь санаанаас ер гардаггүй юм. Намайг л бодож хэлж байхгүй юу, хөөрхий.
-Өөрийнхөө уйгагүй хүчин чармайлтаар Строгановын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд явсан гэдэг...
-Би цэргээс халагдсаны дараа аймгийнхаа Урчуудын салбарт ажилласан. Тэнд байхдаа Москва хотын Строгановын нэрэмжит Уран зургийн сургуульд суралцах хүсэлтээ байнга илгээж, Улаанбаатарт ирж шалгалт өгдөг байлаа. Зургийн шалгалтад нь тэнцчихээд байхад л дүрслэхийн дунд мэргэжил эзэмшээгүй гэх шалтгаанаар намайг хоёр ч удаа хассан юм. Хамгийн сүүлд би шалгалтынх нь бүх даалгаврыг маш сайн гүйцэтгээд тэнцсэн юм шүү дээ. Дээд сургуульд сурч байхдаа би архи дарс огт хэрэглэдэггүй байсан. Орос хэлэндээ муу, хоцрогдож байсан болохоор юун архи дарстай манатай л байсан байх. Харин зураг зурах тал дээр тэднээс арай дээр байсан ч байж магадгүй. Сургуулиа төгсөж ирээд мөн л аймгийнхаа салбарт очсон доо.
-Та яагаад сайн дураараа цэрэгт явсан юм бэ?
-Зөвлөлтийн гарамгай жанжин Александр Васильевич Суворов чинь багадаа өвчин зовлон ээрсэн, маш сул биетэй хүн байсан юм билээ. Тэгээд биеэ чийрэгжүүлэх гэж морь унаж, явган гүйж, усанд сэлсээр хүдэр чийрэг болсон, сүүлдээ цэргийн эрдэмд гарамгай жанжин болсноор дэлхийд ховор тохиолдох генералиссимус цолыг авсан тухай номыг нь би багадаа уншсан юм. Би чинь 1942 онд буюу яг дайны үед төрсөн хүн. Тийм болоод ч тэр үү, жижиг давжаа биетэй, өвдөхдөө амархан хүүхэд байсан. Нэгдүгээр ангид орохдоо хариугүй жижигхэн юм байлаа. Ямар сайндаа намайг эмэгтэй сурагчдын байранд байлгаж байхав дээ. Арван тав, зургаатай том эгч нар надаар цэцэг, навч, морь зуруулна, би тэрийг нь хачин дуртай зурж өгнө. Тэр номыг уншсанаас хойш биеэ чийрэгжүүлэх гэдэг асуудал толгойноос салдаггүй байсан болохоор амихандаа их оролдлого хийдэг байсан ч 10 дугаар ангиа төгсөөд сайн дураараа цэрэгт ирснээс хойш л дээшээ өсөөд зогсохгүй маш их чийрэг болсноо мэдэрсэн юм.
-Та эхээс арван нэгүүлээ гэж ярьсан. Тэдэн дотор янз бүрийн авьяас,чадвартай хүн олон байгаа даа?
-Одоо дал хүрч яваа дүү Самбуу маань СТА, маш сайхан дуулна, бүжиглэнэ. Надаас хоёр эгч Дашзэвэг бас их сайхан дуулдаг хүн байсан юм. Харин түүний охин Пүрэвсүрэн Дүрслэхийн сургууль төгсөөд зураач болсон. Миний дүү Намжилдорж бас шог зураг зураад олон жил боллоо. Цаанаасаа авьяастай юм болов уу даа, түүнээс биш шог зургийг зааж өгч зуруулна гэж байдаггүй юм л даа. Ямар ч уран зургийн сургуульд шог зураг заадаггүй. Манай хүү Б.Мэргэн байгалийн зурагтаа их сайн, хүмүүс түүнийг “Монгол Шишкин” гэж хөөргөж байгаа харагддаг. Гэтэл тэр шог зургийг огт ойлгодоггүй байх жишээний юм. Харин том хүү Б.Одмандал бол шог хөрөг (шарж) сайн зурдаг. Уг нь түүнд хийж чадахгүй юм гэж байхгүй, жаахан лазан л хүн дээ.
-Монголын Уран зургийн галерейд таны ямар ямар бүтээл хадгалагдаж байна вэ?
-Галерейд 150-иад хошин шог зураг бий. Тосон будгийн их том “Цагаан суварга” зураг байсан, тэр шатсан. Гэхдээ би шатсан хүрээ жаазыг нь янзлаад авсан. Дээр үед зурсан “Илгээлтийн эзэн” зургаас гадна гуашь, темпэрээр зурсан зургууд бас байдаг. Бусад галерейнуудад бол нэлээн байгаа даа. Японы элчин сайд байсан Такэнори Шимизү өөрийн галерейдаа тавина гээд манай гэрт ирж надаас зураг авч байлаа. Би өөрийн төрсөн нутгийнхаа зургийг өгсөн. Энэтхэгийн засгийн газрын ордонд бас байгаа болов уу, тэнд тавина гээд авч байсан. Би уг нь хязгааргүй их бүтээл хийсэн юм шүү, сайн муу нь юу юм гэхээс. Тосон будгийн зураг бол маш их зурсан.
-2005 онд хүртсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг ямар бүтээлээр авсан билээ?
-Монголын шог зургийг шинэ шатанд гаргаж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж бичсэн байна билээ. Ямар нэг хэмжээгээр ахиулахад гар бие оролцсоныг нь үнэлсэн хэрэг байх л даа. Нас ахихаар шавь олонтой болж байна. Шог зураг зурдаг хөгшин, залуу гэлтгүй бүгд л намайг “Багш” гэж хүндэлдэг. Шог зургийг яг ингэж, тэгж зур гэж би тэдэнд заагаагүй, зааж ч чадахгүй. Харин сайн дураараа шог зурагт чин сэтгэлээ өгч, өөрийн болон улс нийгмийн ирээдүйн сайн сайхны төлөө бийрээ барин нэгдэж буй залууст талархан баярладаг. Шог зураг бол цэвэр ухааны, сэтгэлгээний урлаг, дээрээс нь нийгэм, улс төр, цаг үеийн гярхай ажиглалтаас сэдвээ олж авдаг онцлогтой уран бүтээл юм. Хүн төрөлхтөн, тэдний орших нийгэм байгаа цагт дутагдал доголдлыг шоглох л болно, алдаанаасаа ухаарах замыг нь хэлж өгөх л болно. Тэгэхээр шог зураг бол мөнхийн сэдэв гэж хэлэх би дуртай.
-Монголчууд шог хошин мэдрэмж өндөртэй хүмүүс л дээ. Харин энэ талын яриа хөөрөө, зураг бичвэрийг хадгалж үлдээсэн ном, товхимол хэр их байдаг бол?
-Бий шүү, жишээ нь “Молом тойны намтар” гэж байна. Тэр номын доторх чимэглэл нь бүхэлдээ шог зураг байдаг. Хараал хэлж болохгүй, хараал хэлбэл ийм болно гэсэн зургийг би лав санаж байна. Хараалч хүний хэлийг маш урт сунгаад дээр нь тариа тарьчихсан байдаг. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хүний амь олноор сүйдэж байсан юм чинь түүх дурсгалын тоолж барамгүй үнэт бүтээл устаж үгүй болоо биз дээ.
Ш.БАДАМХАНД
Сэтгэгдэл ( 3 )
Доржготовын угэнд орж бага ястан гэж нэрлэсэн биш доржготовын захиалгаар зурсан юм биш уу
saihan yriltslaga bn hvnnich howor hvn bvteelnich howor yumshvvde zaluus mini iim hvmvvsees surch medej asuuj sonirhosoi gj hvsch bn Tand”uran bvteeliin undur amjilt hvsiee urt naslaj udaan hargaarai
БАДАМХАНД муу яриа авсан байна шүү нийгмийн шаардлагын дагуу бүтээл бүтээх шаардлага, одоо цагт ховор болсон хүмүүсээс сайхан сургамжтай яриа авахгүй