Цасан мөртүүдийн зураглал

2024 оны 01 сарын 16

Уянгын дурсамж


Энэ өвөл хэдийгээр цас зудтай хатуухан байгаа ч миний хувьд цас орох нэг л сайхан санагдаад байдаг юм. Энэ нь дэрсхэн бага насандаа Баян бригадынхаа хэдэн байшингийн ард хунгарласан цасан дээр үеийн нөхдийн хамт өдөржин гулгаж тоглодог байсны зэрэгцээ сумын сургуулийн дотуур байранд байхдаа ч бүтэн сайн өдрийг тэсэн ядан хүлээж, Жанцангийн аманд очиж цанаар гулгадаг байсантай холбоотой байж ч болох. Нөгөөтэйгүүр, би гэдэг нөхөр уул нь бараг цана шиг гялгар болсон нэг муу бакиалан гуталтай. Тэр гутлын тэшинэ гэж гайхамшиг. Сайндаа ч биш, сургуулийн дотуур байрны арын хунгарласан цас манай байрны дээвэртэй бараг нэг тэгш хэмд ирнэ. Багахаан довцог толгой болсон түүн дээр бусад нөхдийн хамт, хичээлээ дуусгаж ирээд л тэшиж өгнө дөө. Ямартаа л ээжид минь намайг харсан нутгийн нэгэн “Хүү чинь дандаа л гулгаж харагдах юм, энэ хүйтэнд хөлөө хөлдөөчихвий дээ” гэсэн мэдээллийг хүргэж байх вэ дээ. Хөлөө ч хөлдөөсөн л дөө. Хэргийн гол учиг нь өндөрлөг цасан дээр тийн тэшиж байхдаа Баяндэлгэр сумынхаа баруун дөрөлжийг байнга хараачилна. Яагаад гэвэл, Баян бригадын агент аав минь тэр л дөрөлжөөр тэмээн тэргээ хөтлөөд гараад ирдэгсэн. Далимд нь түүнийг л хараачилж байгаа нь тэр. Тэгээд л аавыгаа тосоод гүйчихнэ. Энэ бол миний сэтгэлд хоногшсон мартагдашгүй сайхан дурсамж. Дөнгөж нэг, хоёрдугаар ангид суралцаж байсан болохоор гэрээ их санадаг байж дээ...

Нээрэн одоо бодож байх нь ээ, яаж хөл, гараа хугалчихгүй болоод байсан юм бэ, цас овоолж байгаад л дээгүүр нь харайгаад тээр дор очин буудаг байж билээ. Цана гээд сайрхаад байх ч юу байхав, модон домбоны хэмхэрхий, энэ тэрээр л аргацаана шүү дээ. Гэсэн хэдий ч болоод л байсан юм даа. 1960-аад оны дунд үес юм даа, аавын маань агентад “БНМАУ” гэсэн зурагт цомог байх. Түүнд нүүр, хөмсөг нь цан хүүрэг болсон цанатай нэгэн бугын тугал хүзүүдчихсэн байгаа нь ихэд сонин санагддаг байжээ. Бодоход цанаар хөөж байгаад тэр тугалыг барьсан бололтой байдаг. Юм гэдэг сонин, олон жилийн дараа ЦЕДС-д суралцаж эхэлсэн жилдээ цанын дугуйланд явах болж, биеийн тамирын багшдаа бүртгүүлтэл, нэг л таньдаг царай харагдаад явчихлаа. Гэтэл мөнөөх бугын тугалыг хүзүүдсэн зургийн эзэн, Цанын спортын анхны мастер Баадай багш маань байсан юм даг. Хошууч цолтой тэрбээр биднийг аваад Хандгайт дахь цанын баазад гарч, бэлтгэл сургуулилтыг өдөржин хийлгэдэг байлаа. Заримыг нь он цагийн саалтад мартаж буй бололтой, ямар ч байсан манай курсын Д.Бум-Эрдэнэ, Ерөнхий цэргийн курсын онжав, өдгөө бэлтгэл дэд хурандаа Д.Будсүрэн, дээд курсээс н.Намсрай гэж Ерөнхий цэргийн нэг ах байсан санагдана. Тэгээд 1977 оны өвөл, сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, зун нь хөлөө бэртээсэн учраас цанын спортыг орхихоос өөр аргагүйд хүрсэндээ одоо ч харамсаж явдаг юм. Нэг их спортын мастер болох нь юу юм бэ, ямар ч байсан зэрэгтэй тамирчин байх боломж байсан гэж боддог. Яагаад гэвэл, 1974 онд Толгойтын 12 дугаар дунд сургуульд шилжин ирээд, цанын спортоор хичээллэж, Арцатын аманд болдог “Пионерийн үнэн” сонины нэрэмжит тэмцээнд нэг бус удаа оролцож байв даа. Манай сургуулийн Биеийн тамирын багш Батхүү гэж мундаг хүн биднийг аваад, одоогийн Ханын материалын комбинатаас баруун хойш бэлтгэлд гардаг байж билээ. Тухайн он жилүүдэд тэр газар бөртийх ч юмны бараагүй, хов хоосон зэлүүд газар байсан даа. Сайхан ч байж дээ...

Биднийг багад айхтар цасан шуурга бишгүйдээ л нэг болдог байв. Одоогоор бол далайн цунами маягтай, дээш цацран ойсон цагаан хуйг харахад сүртэй л байж.

Ойрмогхны өдөр дөө, нэгэн телевизээр  зүүн зүгийн нутгаар цасан шуургатай гэсэн мэдээллийг сонсоод, гэнэт ийм нэг бэсрэг дурсамж бичмээр санагдахын сацуу, цастай холбоотой дуу, шүлэг юу байдаг билээ гэсэн сониуч зан гэнэт хөдлөв өө.

Тэгээд шүлэг сэлтээ шүүн тунгаахаар шийдэж, ухаж төнхөхүй “Дэлхийн энтэй аав минь” дууны шүлэгт:

Цаст цагаан оргил шигээ

Цайлган, хайлган сэтгэлтэй

Цавчим өндөр уулс шигээ

Цэх шулуун зантай... гэсэн дөрвөн мөрт зурайж байна. Цааш явбал “Уянга дууны ээж” дууны шүлэгт:

Хөвчинхөн дэлхийг уяраадаг нь

Хөг нь нийлсэн хуур ч юм уу даа

Хайлган, цайлган ээжийг минь бодогдуулдаг нь

Хөвсийн цавцайсан өвөл ч юм уу даа... гэж байх. Урамшаад дахин цаашилбал, “Өвлийн өвгөн айсуй” дууны шүлэгт:

Ингэн туйлаадас будруулсан

Илбийн сахалт өвөө минь

Үзэсгэлэнт охидоо хөгжөөн дагуулсаар

Үлгэрийн орноос хурдлан айсуй..., “Тунирхсан сэтгэл” дууны шүлэгт:

Цардмал зам нь цасан бүрхэвчтэй

Цантаж гялбаад нүдэнд яршигтай

Жихүүн шөнөөр салхинд ганцаараа

Жиндэж явах нь сайхан байх уу даа..., “Миний Монголын байгаль” дууны шүлэгт:

Ногоон хүрмэн хэвнэгээс нь

Балын үнэр анхилсан

Ноёлог шовх оргилуудаас нь

Цасан будран цайрсан..., “Мөрөөдөх сэтгэл” дууны шүлэгт:

Мөнгөн дэлхий цасан нөмрөгтэй

Мөөгөн зүрх минь улаан өнгөтэй

Мөрөөдөж явдаг охин чамайгаа

Мөнхийн амрагаан гэж боддогийм аа..., “Дөрвөн улирлын өнгөнд” дууны шүлэгт:

Хахир өвлийн хүйтэндээ

Бүүвэйлэн хуурайлсан ээж минь

Нялх балчир хүүгээ

Хүний дайтай өсгөсөн юм..., “Эх орон” шүлэгт:

Шилийн Богдын оройд

Цас малгайлах нь эх орон

Шинэхэн танилцсан амрагууд

Хослон амьдрах нь эх орон..., “Хүүгээ харуулдсан ээж” шүлэгт:

Уйлган намрын бороонд ч

Хайлган хаврын хавсарганд ч

Цантай өвлийн жаварт ч

Гантай зуны наранд ч..., “Охиндоо бичсэн шүлэг”-т:

Нэг л өдөр нэвсийсэн цагаан цас

Нэлэнхүйд нь орчлонг нөмөрнө

Нимгэн дээл жиндүүлдэг бил үү гэж

Нэхэн бодсоны хэрэггүй ээ, охин минь..., “Миний Монголын сайхан" шүлэгт:

Хээр хоносон сар мэлтийн гийх сайхан

Хэсэг зээр тоос манарган давхих сайхан

Цагаан сараар ээждээ очиж золгох сайхан

Цантай өвлийн жаварт хацраа хайруулах сайхан..., “Өвөл” шүлэгт:

Хорвоогийн урт шөнө

Үлгэр ярих нь өвөл

Хоёрхон утсаа амилуулж

Тууль хайлах нь өвөл..., “Бодлын хэлхээс хэмээх мөчлөгүүд” дөрвөн мөртөд:

Цав цагаахан цас

Та биднийг илбэн таалдаг цас

Бүхэл өвөлжин хайрдаг цас

Бүхнийг илбээд хайлдаг цас... гэх мэтчилэн цантай өвөл, цасаар бударсан мөртүүд бичиж байжээ.

Ингээд Монголынхоо оюуны их сан хөмрөг болсон бичгийн их садад, нийт зохиолчиддоо Монгол Улсад Зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!

Зохиолч, сэтгүүлч Г.Баатарнум

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top