Өнөөдөр ухаалаг утас барьж, дэлхий ертөнцийг гартаа атгаагүй хүн Монголд бараг алга. Үр хүүхдээ хот хүрээ рүү сургууль соёлд явуулчихаад шуудан харуулдаж, захиа хүлээдэг, хол байгаа нэгийнхээ дуу хоолойг сонсохоор холбооны газарт захиалга өгч тоотой ганц хоёрхон минутад амжиж ярихаар тэвддэг үеийг одоо аль эрт мартсан. Захын малчин оюутан хүүхэдтэйгээ ухаалаг утаснаасаа биесээ харан ярьж, эхнээсээ малаа дурангаар биш, дроноор хариулдаг болж байна. Тэгвэл хэзээ бид энэ интернэт гэх шидэт зүйлтэй учирсан юм бэ. Үүнийг дурсахад Датакомын Энхбат гэх нэр заавал хамт дуудагдах учиртай. Мөнөөх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшиж байсан Д.Энхбат шүү дээ.
1996 оны нэгдүгээр сарын 17. Өдгөөгөөс 28 жилийн өмнөх энэ өдөр монголчууд анх интернэттэй золгожээ. Энэ баярт үйл явдлыг нээж Д.Энхбат зогсож байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Монголын Үндэсний Ардчилсан намаас М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс ёслолд оролцон баяр хүргэж байсан нь гэрэл зурагт үлдсэн байдаг. Тухайн үед Азид 10-хан орон интернэтэд холбогдоод байв.
Дэлхийг атгандаа оруулах үйл явц яаж эхэлсэн бэ гэвэл 1994 онд “Мэдээллийн Харилцаа ББХК” Монголд анх удаа интернэтийн үйлчилгээг явуулж эхэллээ. Санаачлагч нь Д.Энхбат, түүний Датаком компани. Монгол Улс интернэтэд холбогдох цорын ганц гарцтай болж, өдөрт интернэтэд хоёр удаа холбогдож и-мэйлийн дамжуулалт хийж эхэллээ. Тэр хачин зүйлийн учрыг мэдэж ойлгох хүн ч Монголд хуруу дарам цөөн. Б.Үнэнбат нарын цөөхөн охид, залуус л Монголд анхны “Интернэт үйлчилгээний операторчин” гэх сонин содон ажлыг хийж, хэрэглэгчдийг дэлхийтэй холбодог байжээ.
Ердийн гар утсыг улс төр, бизнесийн төлөөлөл цөөн хүн дөнгөж барьж эхэлж байсан үе юм. Ширэн гэртэй данхар том гар утас бүс тэлээндээ зүүсэн хүн бол тэр цагийн олигархи гэсэн үг. Жирийн хүн гар утас барих бүү хэл суурин утас ч нүдний гэм шахуу байсан цаг гээд бодохоор өнөөгийн залууст их л хачирхалтай санагдах нь мэдээж. Ердөө 28 жилийн өмнө мэйл илгээхдээ өнөөдрийнх шиг утас, компьютер дээрээсээ нисгэхгүй л дээ. Угаасаа ухаалаг утас ч байгаагүй юм чинь. Компьютер ч ховор. Байсан хэд нь интернэтэд холбогдох бүү хэл ердийн бичгийн машины зориулалт төдийгөөр хэрэглэхээс цаашгүй.
Тэгээд анх яаж интернэтийг хэрэглэдэг байв гэж үү? Интернэтийн зүй ёсны анхдагч Датаком компанийн мөнөөх цөөхөн ажилтан 1995 оны үеэс хүмүүсийн и-мэйлийг хүлээн авах, илгээх, дамжуулах ажлыг хариуцдаг байв. Яг л шуудангийн ажилтан захидал, цахилгаан хүлээн авч, хүлээлгэн өгдөг шиг. Цаанаас ирсэн мэйлийг бол хэвлээд хүргэх хүнд нь өгдөг. Мэйл явуулах хүнд бол түүнийг нь бичиж өгч илгээдэг байжээ. Гэхдээ хязгаартай, өдөртөө хоёрхон удаа л интернэтэд нэвтэрч эдгээр ажлыг хийнэ.
Монголд интернэт нэвтрэхэд шар тос нөлөөлсөн гэх сонин түүхтэй. Яагаад шар тос интернэттэй холбоотой болчихсон нь гартаа интернэт атгачихаад сууж буй өнөөгийн хэрэглэгчдийн ой тойнд буухгүй.
Дээр хэлсэн “Мэдээллийн Харилцаа ББХК” нь 1995 оны арванхоёрдугаар сараас “Датаком ХХК” болж, газрын станц суурилуулан интернэтэд онлайнаар холбогдож эхэлснээр монголчууд арай өргөн хүрээнд интернэт гэгчийг хэрэглэж эхлэх болов. Зах зээлд хөл тавиад удаагүй Монголд гаднаас янз бүрийн л тусламж ирнэ. Тэр дундаас Монголд нийлүүлж байсан шар тосны /одоо бол зулын тос хэмээн нэрлэж буй ургамлын гаралтай шар тос/ орлогоос дотоодын чухал гэх салбаруудад санхүүгийн зээл, тусламж үзүүлэх сан байгуулсан байжээ. Тэндээс Датаком ХХК 50 мянган ам.долларыг 4.8 хувийн хүүтэй зээл авч интернэтийн үйлчилгээгээ өргөтгөж эхлэв. Ингэж шар тосны ид шид бидэнд дэлхий ертөнцийг ойртуулах нэгэн сэжим болов.
Ийн явсаар 1996 оны нэгдүгээр сарын 17-нд монголчууд 10 ширхэг компьютерээр 24 цагийн интернэтэд албан ёсоор холбогджээ. Ингэж талын монголчууд дэлхийг атгандаа багтаах эхлэл тавигдав. Анх холбогдсон сайт нь монголчууд одоо бараг мартсан Yahoo.com. Монголын талаар хайгаад олсон анхны мэдээлэл нь 120 мянгатын одоогийн тэмээн жинтэй хөшөөний буурин дээр байсан Танктай хөшөө. Түүнийг хараад манай интернэтийн хэд хэмжээлшгүй их баярласан гэнэ лээ. За тэгээд болоогүй, өвлийн тэсгим хүйтнээр газрын станц нь царцах, хөлдөх гээд юм юм л үзэж. Гаднаас нь халуунаар үлээлгэж бүлээцүүлж, даавуу, шуудайгаар ороож байж гэсгээн интернэтээ холбоно. Цөөвтөр хүн энэ сонин хэрэглээг ойлгож хэрэглэнэ. Үнэ нь ч чамгүй. Электрон шуудангийн эрх нээлгэхэд арван ам.доллар, сарын хураамж таван ам.доллар, мэйл илгээхэд 20 цент, харин хүлээн авахад үнэгүй гэх мэт. Тав, арван ам.доллар нь тухай үедээ өндөр л үнэ.
Өнөөдөр гартаа ухаалаг утас атгаад буйдан дээрээ хэвтэж буй хэрэглэгчдэд ёстой зүүдэнд оромгүй явдал биз дээ. Интернэтгүй ганц хонох бүү хэл цөөн цаг болж чадахаа больсон залууст энэ түүх харь гарагийн юм шиг сонсогдох биз ээ.
Монгол Улсын иргэдийн бараг 90 хувь нь өдөр тутмын хэрэглээ болгосон интернэт гэгч ид шид ердөө 30 жилийн өмнө “зүүд” байж гэдгийг энэ түүхэн өдөр эргэн сануулъя.
Д.ОЮУН
Сэтгэгдэл ( 1 )
Учрал саад бол хурга байхнээ