СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар эрс хүйтэрч, цасаар шуурна

2024 оны 02 сарын 04

Цаг уурын байгууллагаас ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа. Ойрын өдрүүдэд зарим нутгаар эрс хүйтэрч, цас орж, цасаар шуурах аж.

Тодруулбал, маргааш буюу 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Хур тунадасны тухайд өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, 05-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, 06-нд нутгийн зүүн хэсгээр, 08-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 4, 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн хувьд, 4-5-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Агаарын температур шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-34 градус, бусад хэсгээр -21…-26 градус, өдөртөө бүх хэсгээр -10…-15 градус хүйтэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top