И.Будбаяр: Их Тэнгэрийн аманд Байгалийн түүхийн шинжлэх ухааны музейтэй болно

2024 оны 03 сарын 12

Музей гэдэг түүх, соёлын хэдэн үзмэр, олдвороо дэлгэсэн төдий нам гүмхэн “үхмэл” орчин биш. Бүр “амь”-тай, дуу шуугиантай олон хөлийн газар төдийгүй соёл, шинжлэх ухааны төв аж. Гэхдээ манай улсад ийм боломж бий юм болов уу. Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаярыг энэ удаагийн “Өглөөний зочин”-оор урилаа.


-Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжөөд 100 жилийн ой тохиож буй юм байна. Тэгэхээр шинжлэх ухаанч байдлаар музейг дэглэж тавиад 100 жил болжээ гэсэн үг. Гэхдээ манай музей дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг юм болов уу. Олон зуун жилийн түүхтэй Эрмитаж, Луврын музей зэрэгтэй харьцуулахад хажууд нь балчир хүүхэд шиг л байх даа?     

-Манай улсад орчин цагийн музейн эх суурь 1924 онд тавигдсан. Социализмын үед Монголын музей бол биеэ даасан салбар болж, хөгжиж төлөвшсөн юм. Үүнийг үгүйсгэх аргагүй. Улсын төв музей 1956-1991он хүртэл оршин тогтнож, Музейн удирдах газар, Улсын төв музей нь музейн салбараа удирдах байдлаар 1960-1990 онд шашин урлагын Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Эрдэнэзуу хийд, Амарбаясгалан хийд музей хэлбэрээр Улсын төв музейнхээ харьяанд ажиллаж байсан. Хувьсгалчдын музей 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор тухайн үеийн хувьсгалын музей, одоогийнхоор бол Үндэсний музей шинэ байрандаа ашиглалтад орж, үзэгч олондоо үйлчилж байлаа. Одоогийн Байгалийн түүхийн музей байрлаж байгаа байранд 1980-аад онд Ленины музей үйл ажиллагаа явуулж байв. Дараа нь 2013-2019 онд Үлэг гүрвэлийн төв музей энэ байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ерөнхийдөө улсын чанартай, яг музейн зориулалтаар баригдсан байртай ийм музейд улсын нийслэлдээ үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

-Аймаг, орон нутгийн музей хэзээнээс үүссэн юм бол. Орон нутгийн хувьд 100 жилийн үүх түүхээ хадгалж ирсэн музей байна уу?

-Завхан аймгийн музей гэхэд 100 жилийн түүхтэй. 1924 онд байгуулагдсан. Орон нутаг буюу 21 аймаг бүгд өөрийн гэсэн музейтэй. Байгуулагдсан он цагийн хувьд мэдээж өөр өөр байгаа. Гэхдээ 1990-ээд оноос хойш музейг цуглуулгаар нь төрөлжүүлж эхэлсэн. Тухайлбал, Улсын төв музейг Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей хэмээн цуглуулгаар нь хоёр хуваагаад төрөлжүүлэн хөгжүүлж байгаа. Аймаг, орон нутагт ч гэсэн музейн барилгуудыг шинээр барих ажил сүүлийн жилүүдэд хийгдэж байна. Орон нутагт байгаа музейдээ яг зориулалтын, мөн үзмэр, цуглуулгаа хадгалах зориулалтын сан хөмрөгийн өрөө бүхий, ийм шаардлага хангасан, өөрөөр хэлбэл, өөрийн чинь түрүүнд асууснаар дэлхийн хэмжээний музейн чиг хандлагыг тусгасан, эрүүл, аюулгүй орчин, чийгшил, агааржуулалт, аюулгүй байдал гээд музейн стандарт шаардлагыг хангасан ийм музейн барилгуудыг барих, байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газраас үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ жил гэхэд 3-4 музей ашиглалтад орно. Ноднин Өмнөговь, Хэнтий аймгийн музей ашиглалтад орсон. Одоо Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн музей бүгдээрээ шинэ барилгадаа ороод явж байна. Музейн хөгжил 1924-1990 онд ерөнхийдөө бие даасан салбарын түвшинд хөгжиж ирсэн. Дараагийн үе шат буюу 1990-ээд оноос хойш олон улсын жишгийн дагуу байрны хувьд ч тэр, үзмэр, цуглуулгын бодлогын хувьд ч тэр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагаа дагаад хөгжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.

-Музей үүсэж хөгжсөн 100 жилийн ой гээд та бүхэн их завгүй байна уу? 

-Музей бол ер нь завгүй газар. Хүмүүс болохоор үзмэрээ дэглэж тавьчихаад л сууж байдаг юм шиг ойлгодог. Ар талд нь маш олон ажил өрнөж байдаг юм. Сэргээн засварлалт, эрдэм шинжилгээ, судалгаа, боловсролын ажил, янз бүрийн арга хэмжээ өрнөж байдаг. Эсвэл үзмэр цуглуулгаа бүртгэн баримтжуулах гээд завгүй шүү дээ.

-Музейн 100 жилийн ой болоод өнгөрнө. Харин дараагийн үе шат нь ямар байх вэ?

-Дараагийн үе шат бол магадгүй Чингис хааны үндэсний музей болов уу. Үүн шиг манай Байгалийн түүхийн музейг Байгалийн түүхийн шинжлэх ухааны музей болгохоор зорьж, Их Тэнгэрийн аманд 6.6 га газар бүхий 44 мянган ам.метр байртай шинэ музейн барилгын ажил нь яг энэ цаг үед явагдаж байна. Ерөнхийдөө 1924-1990 он, 1990-2020 он ч гэдэг юм уу, түүнээс хойш дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын түвшинд хүрсэн ийм салбар болж хөгжих нөхцөл боломж бол санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын түвшинд шийдэгдээд явж байгаа.

-Яг асуух гэж байлаа. Тухайлбал, манайд Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн музей хоёр нийлчихсэн. Тэгсэн мөртлөө нэг байранд багтаад байдаг. Үзмэр, цуглуулгаа дэлгэн харуулахад болж байгаа юм болов уу л гэж асуух гэж байтал та сая шинэ байртай болж байгаа гээд хэлчихлээ. Тэгвэл одоо үзмэр, цуглуулгын баяжуулалт хэр байна. Мэдээж үзмэр, цуглуулгаа дэглээд тэр чигт нь орхичихгүй байлгүй дээ?

-Манай музейн салбар 2021.01.27-нд Музейн тухайн хуультай болсон. Анх удаа өөрийн гэсэн бие даасан хуультай боллоо. Үүгээр олон асуудлыг хуульчилж өгсөн. Тухайлбал, найман жил тутамд үзүүлэх дэглэлтээ шинэчилж байхаар заалт орсон. Гэхдээ бид энэ хууль гарахаас өмнө дэглэлтээ шинэчилдэггүй байсан гэсэн үг биш шүү. Ер нь хоёр зориулалтаар үзмэрээ шинэчлэн дэглэдэг юм. Үзэгч олныхоо хэрэгцээ шаардлагад тулгуурлаад сан хөмрөгтөө байгаа үзмэр цуглуулгаа дэлгэж үзүүлдэг юм. Харамсалтай нь орон зайнаас шалтгаалаад бүх үзмэрээ дэглэж үзүүлж чаддаггүй. Гэхдээ жил болгон үзмэрээ тодорхой түвшинд шинэчлэн дэглэдэг. Хоёр дахь нь үзмэр цуглуулгын сан хөмрөг дэх хадгалалт, хамгаалалтын зорилгоор  шинэчлэн дэглэж, сэргээн засварладаг, арчилж торддог. Үзүүлэгт гарна гэдэг бол өөрөө тодорхой стандартын түвшинд шаардлага хангасан орчинд дэглэгддэг учраас үзмэр цуглуулгаа хадгалж хамгаалах дараагийн нэг арга хэлбэр бол үзүүлэг, дэглэлтээ шинэчлэх юм. Одоо бол бүр хуульчлаад өгсөн. Найман жил тутамд үзүүлэг, дэглэлтээ бүрэн шинэчилж байхаар хуульчилж өгсөн л дөө.

-Сан хөмрөгт байгаа зүйлээ арчлан тордож, хадгалж хамгаалаад дэглээд явдаг юм байна гэдгийг ойлголоо. Шинээр үзмэр худалдаж авах, олж илрүүлэх ажил хэр хийгдэж байна вэ?

-Улсын хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газар дээр Үзмэр худалдан авах зөвлөл тодорхой төсөв, санхүүтэйгээр ажилладаг. Худалдах хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийн дагуу мэргэжлийн шинжээч нар үзмэр, цуглуулгыг үзээд “Энэ, энийг худалдаж авъя” гэдэг шийдвэр гаргана. Музейн сан хөмрөгөө баяжуулахад нь улсын бодлогоор дэмжиж ажилладаг. Ингэхдээ музейн хайгуул судалгаагаар үзмэр цуглуулгаа цуглуулдаг. Монголын үндэсний музей гэхэд хээрийн археологийн судалгаа хийж, эртний овог аймгуудын түүхэн үе үеийн булш бунхнуудыг малтаж, тэндээсээ баяжуулдаг. Байгалийн түүхийн музей ч гэсэн жил болгон хээрийн судалгаа хийдэг. Энэ нь хоёр чиглэлтэй. Нэгдүгээрт, ургамал, шавж, загас, хоёр нутагтан, шувуу гээд биологийн төрөл зүйлүүдээр, нөгөөдөх нь палеонтологийн чиглэлээр хээрийн судалгаа хийж, сан хөмрөгөө баяжуулдаг. 2019 оноос хойш музейн үйл ажиллагааг дэмжих зорилгоор орлогын төлөвлөгөөг тэглээд олсон орлогоо музей өөрийнхөө үйл ажиллагааг дэмжих, хамт олныхоо нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх зэргээр Сангийн яамнаас батлагдсан журмын хүрээнд зарцуулдаг болсон. Тийм учраас бид тодорхой түвшинд сан хөмрөгөө баяжуулах, сэргээн засварлах, манай музей бол жил болгоны хээрийн хайгуул судалгаанаас гадна агнуур зүйгээр чихмэлээ баяжуулж байна. Зайлшгүй ийм шаардлага тулгарч байгаа. Бид шинэ музей байгуулах гэж байгаа учраас барилгын ажилтайгаа зэрэгцээ сан хөмрөгөө баяжуулах, үзмэр дэглэлтийн төлөвлөгөөгөө боловсруулж батлуулах, энэ хугацаанд хүний нөөцөө чадавхжуулах, дахин сургах ажлуудыг хийж байгаа.

-Олон жилийн хадгалалтын явцад үзмэр цуглуулга муудна биз. Чихмэл гэхэд арьс хөрс нь муудах зэргээр шаардлага хангахгүй болох тохиолдол байдаг байх. Тэдгээр зүйлийг яадаг вэ. Устгалд оруулдаг юм болов уу?

-Мэдээж, ялангуяа чихмэл зэрэг органик гаралтай үзмэр цуглуулга дээр ийм асуудал үүсэж, хорхой шавжинд идэгдэх зэрэг тохиолдол мэр сэр гардаг. Гэхдээ бид чихмэлүүдээ шаардлагын дагуу тогтмол сэргээн засварлаж, арчилж торддог, хорхой шавжнаас сэргийлдэг. Байгалийн түүхийн музей гэлтгүй ер нь музейн сан хөмрөг шаардлага хангасан стандартын дагуу орчин нөхцөлд байх ёстой. Манай улсын музей 100 жилийн түүхтэй ч харьцангуй богино хугацаанд хөгжиж байгаа салбар учраас бага зэргийн сул доголдол гарч болно. Хэдийгээр нөхцөл боломж тааруу байгаа ч манай музейчид сан хөмрөгийн үзмэр цуглуулгаа актлах түвшинд очтол нь муудуулахгүйгээр аваад явах хэмжээний мэргэшсэн хүмүүс, мэргэжилтнүүд байдаг. Энэ тал дээр харин ч сайн ажилладаг шүү. Яах вэ, цөөн тооны актлах чихмэл ч юм уу гарна. Гэхдээ музейчид ийм байдалд хүргэхгүйн төлөө ажилладаг учраас шаардлага хангахуйц түвшинд сэргээн засварлаад аваад явдаг. Цаашид музей маань яг стандартаа хангасан байртай болж байгаа тохиолдолд ийм үзэгдэл гарахгүй байх.

-Үзэгчдийн боловсрол их чухал шүү дээ. Музейн өдрүүдээр “Үнэгүй үзнэ” гээд уртаас урт дараалал үүсгэдэг. Сайшаалтай нь оюундаа хөрөнгө оруулалт хийх гээд явж байгаа юм л даа. Гэхдээ бусад үед жуулчдаас өөрөөр бараг үзэгчгүй байдаг?

-Уг нь үзэгчдийн хөл тасардаггүй юм. Музейн тухай хуулиараа ч Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд Монгол Улсад байгаа 50 орчим музейг үзэхэд үнэ төлбөргүй болсон. Дээрээс нь музей болгон өөрийн дотоод журмаар зохих хөнгөлөлтийг саналт болгодог. Байгалийн түүхийн музейн хувьд өндөр настан, хөгжлийн бэршээлтэй иргэд, мөн 16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үзэх боломжтой. Манайх бол зөвхөн насанд хүрэгчид, оюутнуудад үнэ төлбөртэй үйлчилдэг. Ард иргэдийн дунд мэдээлэл бага байдаг бололтой. Музейн өдрүүдээр ачаалал үүсгээд байдаг. Мөн сүүлийн үед хувийн музей байгуулагдах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн. Сонирхсон хүн хувийн музей байгуулж болно гэдгийг хуулиараа зөвшөөрсөн байдаг. Мөн үзэгчид үнэгүй үйлчлүүлээд зөрүү мөнгийг нь төрөөс татаас хэлбэрээр өгөхөөр заасан.

-Иргэд үзэгчид мэдээлэл багатай байгаа нь музей сурталчилгаагаа муу хийж байгаатай холбоотой болов уу. Магадгүй олон нийт, музей хоёрын хооронд харилцаа үүсэж, эргэх холбоо бий болохгүй байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Бүх музейд албан бус боловсролын хөтөлбөр байгаа. Үүнийг хариуцсан боловсролын ажилтнууд бий. Бид Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудтай гэрээ байгуулаад төрөл бүрийн боловсролын хөтөлбөрийг музей дээрээ хэрэгжүүлдэг. Танхимаар олж авсан мэдлэгээ музей дээр ирж бататгах, илүү дэлгэрэнгүй ойлголтой болгох үүднээс Монголын үндэсний музей дээр түүхийн хичээл, Байгалийн түүхийн музей дээр байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд зориулсан боловсролын хөтөлбөр давхар явагдаж байгаа. Нөгөөтэйгүүр, танин мэдэхүйн лекц, дугуйланг музей дээр зохион байгуулах талаар нэлээд идэвхтэй ажиллаж байна. Үүнийг хүүхдүүд, багш нар харьцангуй мэддэг болсон.

-Ер нь хөтөч тайлбарлагч зэргээр музейд ажиллах хүний нөөцөө яаж бүрдүүлж байна вэ?

-Үндсэн музей судлалын мэргэжлийн хүмүүсийг СУИС-ийн Соёлын сургууль дээр бэлтгэж байгаа. Гэхдээ музейд олон төрлийн мэргэжлийн хүмүүс нэг дор ажилладаг гэдгээрээ их онцлогтой. Монголын үндэсний музейд гэхэд түүхч, археологич, угсаатны зүй судлаачид, Байгалийн түүхийн музейд болохоор байгалийн шинжлэх ухаанаар дагнан суралцсан төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс буюу шувуу судлаач, хөхтөн судлаач, палеонтологич, геологич, газарзүйч нар ажиллаж байна. Боловсролын ажилтнууд гэхэд дандаа багш нар байдаг. Тайлбарлагч, бүртгэл, мэдээллийн санч, аргазүйч зэрэг музей судлалын үндсэн мэргэжлээр СУИС-ийн Соёлын сургууль төгссөн хүмүүс ажилладаг юм. Ихэнх музейд лабораторийн ажилтан, сэргээн засварлагч нар байгаа. Тэд янз бүрийн сургууль төгссөн, тухайн мэргэжилдээ мэргэшсэн янз бүрийн хүмүүс ажиллаж байна. Сэргээн засварлагчийг сүүлийн үед ШУТИС бэлтгэж байгаа. Монгол-Солонгосын хамтарсан төслийн хүрээнд энэ ангийг нээгээд сэргээн засварлагчаар бэлтгэж байна.

-Дизайнер, зураач ч хэрэгтэй юм биш үү?

-Тийм ээ, хэрэгтэй. Мэргэжлийн зураач, барималчид гээд их олон мэргэжлийн хүмүүс байх ёстой. Тэр ч байтугай компьютер-графикч хүртэл хэрэгтэй. Тэгж байж Сан хөмрөгийн хэлтэс гэхэд нэг тусдаа үйл ажиллагаа явуулна. Арга зүй судалдаг нэг хэсэг байдаг. Үзүүлэн дэглэдэг Үзэсгэлэнгийн хэлтсийнхэн гээд л байна. Эсвэл Эрдэм шинжилгээний хэлтсийнхэн бий. Музей мөн шинжлэх ухааны байгууллага. Тийм учраас музейн арын албанд буюу музейн үзмэр цуглуулга дээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний ажил давхар явагдаж байдаг.

-Хүн музей үзээд гарахдаа ямар мэдрэмжтэй гардаг бол. Тухайлбал, хүүхэд яаж өөрчлөгдөх бол?

-Сургуулийн өмнөх насны хүүхдүүд Байгалийн түүхийн музей үзлээ гэхэд ан амьтан, ургамлыг биетээр нь харна. Өнөөдөр хүүхдүүд төдийлэн тухайн орчинд нь буюу байгальд байнга гараад байх бололцоо байхгүй шүү дээ. Тийм тохиолдолд Байгалийн түүхийн музейд ирснээр байгалиа сонирхох, хайрлах анхны сэтгэгдэл төрнө. Танин мэдэхүйн талаасаа ч гэсэн үлэг гүрвэл гэж ийм амьтан байдаг юм байна. Монголд ийм ийм шувуу байдаг юм байна гэдэг анхны ойлголт, түүнийг шохоорхон дурлах анхны сэтгэгдэл төрж байгаа юм. Дараагийн шатанд буюу сургуулийн насны хүүхдүүд танхимд үзсэн хичээлүүдээ эсвэл өмнө нь хүүхэлдэйн кинон дээрээс үзсэн амьтадаа бодит байдлаар нь харж үзээд ирэхээрээ танин мэдэхүй нь тэлэгдэнэ. Тийм учраас музей бол яг албан бус сургалтын газар. Хамгийн гол нь төрөл бүрийн музей үзэх хэрэгтэй. Зөвхөн Байгалийн түүхийн музей биш түүх, шашин, дүрслэх урлаг, театр, хааны ордон музей гээд бүгдийг үзэх, үзүүлэх хэрэгтэй. Бүх мэдээлэл музейд байдаг учраас бүх насны хүмүүст танин мэдэхүйн болоод мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нөлөөлдөг. Аливаа зүйлийг сонирхох анхны сэдэл нь тэнд төрсөн байдаг юм. Үүнээс гадна шинэ номын нээлт, эрдэм шинжилгээний хурал, уншигч, зохиолчийн уулзалт, үзэсгэлэн зэрэг янз бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг учраас музей бол ерөөсөө л соёл урлаг, шинжлэх ухааны танин мэдэхүйн төв. Хэдэн үзмэр цуглуулгаа дэглэж тавиад л орхидог үхмэл газар огт биш. Байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг газар. Аймаг, суманд ч ялгаагүй ийм байх учиртай.

-Авдар шүүгээний ёроолд хадгалж мартсан зүйлсээ сэргээж байгаа энэ цаг үед музейд загварын шоу зохион байгуулсан ч болох юм байна шүү дээ?

-Тийм ээ. Үндэсний музей дээр угсаатны хувцаснууд бий. Дээл хувцасаар нь 13 ястнаа таниж мэддэг. Хүүхдүүдэд их сонирхолтой байгаа нь анзаарагддаг. Манай дээр “Бяцхан палеонтологич”, “Бяцхан археологич”, “Мөрч” гээд боловсролын хөтөлбөрүүд байна. Амьтны мөрийг хэвэнд хүүхдүүд өөрсдөө баримлын шавраар хийгээд зургийнхаа хажууд таниж мэдэх нь сонирхолтой шүү дээ. Харин “Бяцхан палеонтологич”, “Бяцхан археологич”-оор хүүхэд хөдөө очоод хээрийн орчинд малтлага хийж байгаа юм шиг сэдэл төрүүлдэг юм. Мөн “Нүүдлийн үзэсгэлэн” гээд алслагдсан дүүргийн сургуулиудад өөрсдөө очиж музейн боловсролын хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.

-Нэг хэцүү асуудал байдаг шүү дээ. Музейн үзмэр алдагдаж тоногддог гээд. Иймэрхүү асуудлаас яаж сэрэмжилж байна вэ?

-Нийгэмд нэг буруу ойлголт байна. Музейн салбарт гарсан ганц, хоёр тохиолдол бий. Байгалийн түүхийн музейд ийм асуудал гарч байгаагүй. Гэхдээ 1990-ээд онд түүх, соёл, палеонтологийн олдворууд хууль бусаар Монголын хилээр гараад АНУ-д оччихсон байсныг эх оронд нь буцаан авчрахаар таван удаагийн таталт хийгдээд байна. АНУ-ын Засгийн газартай хамтраад энэ ажлыг хийж байна. Үүн шиг тухайн үед булш бунхан, палеонтологи, археологи, түүх, соёлын эд зүйлсийг хилээр гаргах нь түгээмэл байжээ. Түүнээс биш музейн үзмэр хулгайд алдагдаад хилээр гарсан тохиолдол бол цөөхөн. Хуулиараа ч, орчин нөхцлийн хувьд ч тэр, хүн бол музейн сан хөмрөгөөс үзмэр гаргах ямар ч боломжгүй. Журмаараа бол давхар хяналттай байдаг. Нөгөөтэйгүүр, Сан хөмрөгийн аюулгүй байдлыг хангахын тулд өнгөрсөн жил Монголын бүх музейд Соёлын яамнаас камержуулалт хийж, дохиололтой болгосон. Музейн Сан хөмрөгийн өрөөнд бүртгэл мэдээллийн ажилтан, сан хөмрөгч гээд холбогдох ажилтнууд хамт ордог. Хүн ганцаараа орох ёсгүй.

-“Үлэг гүрвэл”-үүдийн үзмэр хэд ирэхээс хэд нь ирээд байгаа вэ. Саяхан бас холбогдох үзмэрийг авчирлаа гэж байсан?

-Өнгөрсөн сарын 19-нд тав дахь удаагийн татан авалт боллоо. Өмнө нь 2013, 2015, 2017, 2020 онд татан авалт хийгдсэн байсан юм. Нийт таван удаагийн татан авалтаар үзмэрийн түвшинд хүрэхүйц палеонтологийн нийт 59 олдвор ирсэн байгаа. Жижиг деталь хэлбэрээр, үзмэрийн шаардлага хангахгүй 1500 гаруй жижиг яс ирсэн. Яг иж бүрдэл буюу үзмэрийн түвшний 59 олдвор байгаа. Энэ сарын 9-нд бид “Welcome home" гээд АНУ-ын Засгийн газартай хамтран эх оронд нь буцаан авчирсан 21 үзмэрээ дээжлэн үзэсгэлэн нээсэн байгаа. Энэ үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд сар орчим гарна. Цаашид энэ үзэсгэлэнг Монгол орноороо тойруулан аялуулахаар төлөвлөж байгаа.

-Хүн ер нь яагаад заавал музейг очиж үздэг юм бэ. Хүмүүс дээр ирж үзүүлж болдоггүй юм уу. Үзэх сонирхолтой ч хол амьдардаг хүмүүс байж болох?

-Музейн хөгжлийн түүхэнд 1990-ээд оноос хойш нэг хэсэг үзмэр цуглуулгаа алдаж шамшигдуулна гэдэг хардлагын үүднээс олон улсад үзмэрээ гаргах нь хаагдсан тохиолдол бий. Үзмэр хэдий чинээ үзэсгэлэнд орж байна тэр хэрээр үзэсгэлэнгийн катологи зураг хөрөг, эрдэм шинжилгээний тайлбар, өгүүлэлтэй дагаж хийгддэг. Энэ нь тухайн үзмэр Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байна шүү гэж олон нийтэд танилцуулагдахын хэрээр бүх нийтийн хяналтад орж байна гэсэн үг. Тэр тусмаа тухайн үзмэр алдагдах солигдох боломжгүй болно. Үүнийг олон нийт ч, төр засаг ч ойлгоод манайх үзэсгэлэнгээ олон улсад их гаргадаг боллоо. Тодорхой хугацаанд солигддог ч гэсэн музейн байнгын танхимын үзүүлэн хэдэн танхим байна түүндээ байж л байдаг. Үүнээс гадна түр үзэсгэлэнгийн танхим музей болгонд байдаг. Түр үзэсгэлэнгийн танхимд жилдээ 10 орчим үзэсгэлэнгээ танилцуулгатай гаргаж байна. Энэ нь аюулгүй байдлаа л хангаж байгаа хэрэг.

-Орчин үеийн хүүхдүүд их ухаалаг, мэдрэмжтэй болсон. Зарим нь зүгээр нэг хавтгай зураг, болхидуухан баримлыг тоож харахааргүй болжээ. Тэд 3D, 5D гэдэг хэмжээс ярьдаг болсон. Магадгүй ийм нөхцөлд орчин үеэ дагаад музейн үзмэр анхаарал татахуйц гоё дэглэлттэй ч болох ёстой юм шиг санадаж байна?

-Дэглэлт одоо огт өөр түвшинд оччихсон. Дижитал технологийг музейн дэглэлтэд нэвтрүүлэхгүйгээр үзэгч олноо татаж чадахгүй цаг үе нэгэнт ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Байгалийн түүхийн музейд AR, VR технологид суурилсан тайлбаруудтай. Манай музейн апп-ыг татаад хаяг тайлбартай бар кодыг уншуулахад тэр үзмэрийн тухай дэлгэрэнгүй танилцуулга, богино хэмжээний видеог утсан дээрээ үзэх боломжтой. Манай бүх танхимд Wi-Fi free интернэт орчин бүрдсан байгаа. Мөн янз бүрийн хөдөлгөөнт, хронологи ч гэж ярьдаг төрөл бүрийн технологийн шийдлийг ашиглаж байна. Улсын музейд ч тэр, орон нутгийн музейд ч тэр ихэнх музейд эдгээр нь нэвтэрсэн. Ингэхгүй бол орчин үеийн музейн шаардлагыг хангахгүй гэдгээ ухамсарлаж байгаа.

-Түүхээ уншсан байхад л хиймэл оюун ухаанаар өгөгдлөө өгөөд зураад юу хүссэнээ харчихаж болохоор цаг үе иржээ. Ийм нөхцөлд бүр илүү бодит мэдрэмжийг музейд ирж авахын тулд ямар шийдэл байна вэ?

-Сүүлийн үед виртуаль музей гэж их ярьж байна. Чингис хаан үндэсний музей дээр иймэрхүү технологийн шийдлийг их нэвтрүүлсэн. Манайх бол AR, VR видео контент хийчихсэн байгаа. Виртуаль музейг шинэ музейнхээ дэглэлтэд тусгаад явж байна. Шинэ музей маань бүрэн виртуальжсан орчинд үзмэртэй танилцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх болом­жоор хангана. Тухайлбал, одон орон судлалаар гэхэд сансар огторгуйд нисэж яваа юм шиг мэдрэмж төрүүлэхүйц, таталцлын гэх мэт байгалийн хуулиудыг биеэр мэдэрч байгаа юм шиг санагдахуйц үзүүлэн дэглэлт хийхээр төлөвлөж байгаа юм.

-Мэдээж, санхүү, эдийн засгийн асуудал үүснэ шүү дээ. Үүнд хэчнээн төгрөг төсөвлөсөн байдаг юм бол? 

-Шинэ музейд барилга байгууламжаас гадна шилэн хорго, дэглэлтийн зардлууд хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгагддаг. Чингис хаан үндэсний музей тэргүүтэй шинээр баригдаж байгаа бүх музейд улсаас санхүүжилтыг шийдээд тоноглолууд, техник технологийн зардалыг хөрөнгө оруулалт хэлбэрээр тусгаад хийж байна. Манай музейд ч ялгаагүй. Барилга байгууламжаа дагаад хөрөнгө оруулалт нь шийдэгдээд явна. Түрүүнд хэлсэн дээ, 2019 оноос хойш музей өөрийн олсон орлогоороо үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулах эрхтэй болсон. Тийм учраас музей маркетингаа маш сайн хийвэл үзэгч олноо татаж, олсон орлогоороо үзүүлэн, дэглэлтээ сайжруулаад явах бүрэн боломжтой. 

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Жавзмаа (202.126.90.67) 2024 оны 03 сарын 13

Музейгээ мэдэрсэн сайхан ярилцдага болсон байна. Хүн ажил мэргэжилдээ сэтгэлээсээ хандах үнэхээр сайхан шүү Амжилт хүсье

1  |  0
Top