Цахим орчин хөгжсөн нь нэг талаар дэвшил хэдий ч кибер гэмт хэргийн тоо өссөн, залилан, хуурамч мэдээлэл түгээх явдал газар авсан зэргээс шалтгаалан хэрэглэгчдийн итгэл буурсаар байна.
Дэлхийг байлдан дагуулсаар буй “Facebook” буюу “Meta” компани гэхэд л үе үе тодорхойгүй шалтгаанаар тасалдах, хэрэглэгчдийн хаяг устах, хэрэглэгч хоригт орох юм уу халдлагад өртөх болсон.Тэр бүү хэл, мета дээр дэлхийн 100 гаруй орны хүмүүсийг онилсон халдлага гарах гэж байсан нь 2021 онд илэрч байв.
Мөн "dark web" буюу кибер орчин дахь хар зах дээр манай иргэдийн мэдээллийг зарсан тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал, 2.3 сая цахим хэрэглэгчийн гэрийн хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээллийг 700 "ногоон"-оор зарсан тохиолдол гарсан. Саяхан л гэхэд энэ сарын 5-нд “Meta” гацаж, цахим орчин хаагдсанаар дэлхийн бүх улс оронд хэрэглэгчид нь сандралд орсон. Үүнээс дэлхий нийт нэг зүйлийг сайн ойлгож авлаа. Тэр нь хэрэв цахим орчин ямар нэгэн байдлаар тасалдаж гэмээ нь тэнд үүсгэсэн дата, мэдээллийн архивууд, байгууллагын болон хувь хүний түүх, мэдээлэл, сурталчилгаа гээд бүгд арчигдана гэдгийг мэдэрсэн. Эхнээсээ зарим нь хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэгчээр цахимд байшуулсан зүйлүүдээ татаж авч, зарим нь хэвлэмэл байдлаар хадгалж байна.
Ер нь бол дэлхий нийт цахимаас татгалзах, аюулгүй байдлаа хамгаалах чиглэл рүү шилжилт хийж байна. Мөн цахимд бус цаасан хэвлэлийн мэдээлэл үнэ цэнтэй болохыг хэн хүнгүй ойлгож авав. Манайд харин эсрэгээрээ хүн амынхаа тооноос давсан ухаалаг утасны хэрэглэгчтэй. Хүн амын 71 хувь нь сошиал орчноос мэдээлэл авдаг. Цахимыг дагаж туйлширна, уйлна, дуулна. Тэгээд “нийтээрээ сэтгэцээ шалгуулъя” гэж уриалдаг болоод удлаа.
Сонгууль нь ч сошиалын дайн болж дуусдаг. Одоо бүсчилсэн том тойргийн сонгууль ч ийм байдалд өрнөж болзошгүй. Иймд “Эрхэт Монгол”-ийн харьяа өдөр тутмын “Өглөөний сонин”, ТВ-8 телевиз, Zindaa.mn мэдээллийн сайт хамтран “Нэг сар-нэг сэдэв” аянаа “Сонгууль ба хэвлэл, мэдээлэл” сэдвээр үргэлжлүүлж, сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээ, мэдээллийг тал бүрээс нь хүргэж байгаа билээ.
“Meta” хаагдахад Монгол Улс ч, СЕХ ч зохицуулах боломжгүй
Сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигч, улс төрийн намууд цахим орчинд сурталчилгаа явуулахад албан ёсны хаягтай байх, түүнийгээ бүртгүүлсэн байх ёстой. Тухайн хаягаараа сурталчилгаа явуулах ёстой гэсэн хуулийн заалт үйлчилдэг. Гэтэл сурталчилгааны хугацаанд хуурамч хаяг, троллууд хэдэн мянгаар бий болж, цахим хаягийн наймаа, троллын далд бизнес хөгждөг. Сүүлийн үед хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн мэдээ, мэдээллийг бодитоос нь ялгах аргагүй болсон. Улсынхаа Ерөнхийлөгчийг хүртэл хятадаар яриулж, хүмүүсийн зарим нь үнэмшсэн. Тэгвэл хуурамч хаягийг ЦЕГ-т хуулиараа хянана, гутаан доромжилсон тохиолдолд хариуцлага тооцно. Харин хиймэл оюун ухаан ашигласан тохиолдолд “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээв” гэж шошгожуулан ашиглах ёстойг Сонгуулийн ерөнхий хорооноос сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцолсон.
“Meta” бол олон улсын компани, тиймээс Монголд өрнөж буй сонгуулийн үеэр цахим талбар гацах, хаагдах тохиолдолд Монгол Улс ч, Сонгуулийн төв байгууллага болох СЕХ ч зохицуулах ямар ч боломжгүй юм. Харин тухайн асуудлаар захидал илгээж болох ажээ.
Энэ талаар СЕХ-ноос энэ талаар тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт нэг цаг орчим “Meta” дээр гацалт үүссэн. Хэрэв 2024 оны УИХ-ын сонгуулийн үед “Facebook” буюу “Meta” компаниас өөрсдөөс нь хамааран гацалт үүсэхэд бид зохицуулах боломжгүй. Олон улсад түгсэн сирвер дээр үүссэн асуудлыг бид хараад сууж байна гэсэн үг. Харин ямар шалтгааны улмаас унасан бэ, хэдий хугацаанд унах вэ гэдгийг тодруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээлэх боломжтой. СЕХ-ноос “Meta” компанийн багтай хамтын ажиллагаа үүсгээд явж байгаа” гэв. Тэгэхээр хуулиар зохицуулсан зүйл алга. Тэнд байршуулсан мэдээлллийн аюулгүй байдлыг хариуцах, хариуцлага хүлээх ямар нэгэн субьект алга. Тэгсэн атал Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллага болох парламентыг сонгох сонгууль ийм нөхцөл байдалд сошиалд найдлага тавих нь өрөөсгөл юм.
Дэлхий нийт цахим орчныг мэдээллийн эх сурвалжид тооцдоггүй
Өнөөдөр дэлхийн ихэнх улс орон цахим орчныг мэдээллийн эх сурвалж гэж үздэггүй. Европ болон Азийн зарим орон уламжлалт хэвлэлийг мэдээллийн гол эх сурвалж гэж үздэг. Улмаар цаасан сониныг сонирхогчдын тоо нэмэгдэж буй. Жишээ нь, 5.5 сая хүн амтай Дани улс л гэхэд 5.5 сая хүн амтай бөгөөд ард түмэн нь төрийн мэдлийн хоёр телевиз, өдөр тутам хэвлэгдэн гардаг 5-7 сониныг мэдээллийн гол эх сурвалжаа гэж үздэг байна. Тэнд өдөрт 100 мянган сонин борлуулагддаг, нэг сонин таван ам.доллараар худалдаалагддаг. Иргэд нь сошиалыг огт өөр зорилгоор ашигладаг. Монгол Улс шиг хүн амын 71 хувь нь сошиалд “тархиа базуулчихсан” орон алга. Дээр нь төр, засаг нь хүртэл Хэмнэлтийн хууль нэрийн дор сонин захиалж уншихаа больсон улс байхгүй. Энэ удаагийн Бүсчилсэн сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийн сурталчилгаа хийх хугацаа маш бага байгаа. Нэг нэр дэвшигч гурван аймгийн 60 гаруй сумдаар орж амжихгүй. Үлгэрт гардаг дуунаас хурдан онгоц захиалаад явья гэхэд манай улсын боломж ямар билээ. Онгоц олж ирээд түрээслээд явлаа гэж бодоход зардал өндөр тусна. Тийм өндөр зардлыг гаргах аавын хүү, ээжийн охин хэд билээ. 30 гэр бүл гэж яригддаг хүрээллээс өөр тэр их мөнгийг гаргах хүн байхгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч өөрийгөө таниулах боломж хязгаарлагдмал, тэр дотроо залуу хүмүүс, эмэгтэйчүүдэд халтай сонгууль болох гэж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй.Энэ тохиолдолд 21 аймаг, 360 сумын хэрэглэгчдэд хамгийн шуурхай, найдвартай хүрч, гэрээс гэрт, гараас гарт дамжин мэдээллийг түгээн хүргэх сурталчилгааны гол хэрэгсэл байж чадна. Ямар ч барьцгүй цахимд нийтэлсэн аливаа мэдээлэлтэй харьцуулахад гараас гарт баримт болж үлддэг цаасан хэвлэлд нийтэлсэн мэдээлэл илүү үнэ цэнтэй бас бодитой, сонгогчдод ч итгэл үнэмшилтэй байж чадах юм.
Сэтгэгдэл ( 0 )