Япон яагаад дэлхийн гурав дахь эдийн засаг гэсэн титмээ алдав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

Японы эдийн засаг өнгөрсөн онд уналтад орж, дэлхийн гурав дахь том эдийн засаг гэсэн байр сууриа Герман улсад алдсан. Хэрэглээний зардал болон бизнесийн идэвхжилийн бууралт, Японы Төв банкны мөнгөний хэт зөөлөн бодлого, хүн ам зүйн болон геополитикийн хүчин зүйлс зэрэг сорилтуудыг даван туулахын тулд Фүмио Кишидагийн танхим “шинэ капитализм” хөтөлбөр танилцуулсан. Япон улс ямар алхам хийхээр төлөвлөж байгаа, ямар сорилтуудтай тулгарах тухай Forbes онцолжээ.

ДНБ-ий бууралт ба ухралт

Хоёрдугаар сарын сүүлээр Японы Засгийн газрын нийтэлсэн статистик мэдээллээс үзвэл, Японы эдийн засаг дэлхийн гурав дахь том эдийн засаг гэсэн байр сууриа Германд алдав.

2023 оны дөрөвдүгээр улиралд ДНБ нь өмнөх улирлаас 0.1 хувиар буурч, жилийн дүнгээр 0.4 хувиар унажээ. 2023 оны байдлаар, Германы ДНБ 4.46 их наяд ам.долларт хүрсэн бол Японы ДНБ 4.21 их наяд ам.доллар байв. Хоёр улирал дараалан ДНБ буурсан нь Японы эдийн засаг уналтын байдалд орсныг илтгэж байна.

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ялгаа эрчимтэй багасаж буй энэ үед Энэтхэг улс ойрын жилүүдэд нэрлэгдсэн ДНБ-ээр Японы түрүүлэх боломжтой болоод байна.

Хагас жил үргэлжилж буй эдийн засгийн уналт 2010 оны явдлыг давтах эрсдэлийг бий болгожээ. Тухайн үед БНХАУ ДНБ-ий хэмжээгээр Японыг гүйцэж, гуравдугаар байр руу ухрааж байв. Ингэснээр тус улс хөгжиж буй Хятадад байр сууриа алдаж байсан. Харин өдгөө Японыг Герман улс гүйцэж түрүүллээ. Тус улс Японы нэгэн адил олон жилийн турш хөгжингүй эдийн засаг гэсэн статустай явж байгаа.

Дотоодын сул эрэлт, сул иен

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы эдийн засаг эрчим өсөж, 1968 он гэхэд ҮНБ-ээр хуучин Баруун Германыг түрүүлж, олон жилийн турш дэлхийн хоёр дахь том эдийн засаг гэсэн байр суурийг эзэлж байв. 2010 онд энэхүү байр сууриа Хятадад алдсанаас хойш гуравт бичигдсэн. Сүүлийн жилүүдэд тус улсын ДНБ 550 их наяд иений түвшинд хэлбэлзэж байсан бөгөөд валютын ханшны хэлбэлзэл, ам.доллартой харьцах иений ханш буурснаар нэрлэгдсэн ДНБ-ээр Герман улсад байр сууриа алдахад хүрчээ.

Японы “au Jibun Bank” банкны мэдэгдэлд дурдсанчлан, 2020 оны наймдугаар сараас хойш дотоодын болон олон улсын зах зээл дээр эрэлт буурсантай зэрэгцэн Японы дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ огцом буурчээ. Японы эдийн засаг ,худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдээллээр, 2024 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 7.5 хувиар буурчээ.

Хүн амын бууралт, цалингийн хэмжээ

Тус улсын хүн ам олон жилийн турш буурч, хөгширч байгаа нь дэлхийн зах зээл дээрх Японы өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх болжээ. Тус улсад төрөлт найман жил дараалан буурч байна. 2023 онд төрөлт 5.1 хувиар буурсан байна. Ихэнх салбарууд хүний нөөцийн хомстолд оров. Гэтэл Японы Төв банкны мэдээллээр, 2023 оны байдлаар ажилгүйдлийн түвшин 2.4 хувьд болж буурч, 2018 оноос хойш анх улаа бүхий л салбарт бизнес эрхлэх нэн таатай нөхцөл бүрдсэн байжээ.

Япон улс өнөөг хүртэл цагаачдад үүд хаалгаа нээх гэж яарахгүй байна. Энэ нь Японы ард түмний уламжлал, соёлтой холбоотой. Орчин цагт өөр өөр соёлыг төлөөлсөн хүмүүстэй зэрэгцэн амьдарч сурах нийгмийн дадал зуршлыг бий болгох шаардлагатай гэж шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл ухамсрын шинэчлэл хэрэгтэй.  

Японы эдийн засаг буурахад нөлөөлсөн бас нэг чухал хүчин зүйл нь хүн амын хэрэглээ 0.2 хувиар буурсантай холбоотой.  Энэ нь хүнсний бүтээгдэхүүн, түлш болон бусад бараа таваарын үнэ өссөнтэй шууд холбоотой. Япон улс нь хэрэглээний түлшнийхээ 94 хувь, хүнсний бүтээгдэхүүнийхээ 63 хувийг гаднаас импортолдог. Үүний сацуу сүүлийн үед Япон улс байгалийн гамшигт ихээхэн нэрвэгдэх болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад хэд хоног дараалан газар хөдөлсөн билээ. Ийм нөхцөлд ард иргэд зардлаа танаж эхэлдэг байна.

Түүнчлэн, сүүлийн хэдэн жилд Японы цалингийн хэмжээ бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад доогуур байна. Бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад Японы цалингийн түвшин хамгийн бага байгаа ба үүнд иений ханшны уналт нэрмээс болж байна.

Сүүлийн 30 жилд Японы нэрлэсэн цалингийн хэмжээ бараг өөрчлөгдөөгүй бол Герман зэрэг хөгжингүй орнууд дор хаяж хоёр дахин нэмэгдүүлээд байна. Тиймээс тус улсын хүн амын худалдан авах чадвар буухад нөлөөлжээ.

Олон улсын тавцан дахь Японы үүрэг оролцоо

Японы эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд Японы олон улсын тавцан дахь нөлөөлөл буурах тухай асуудлыг хөндөж байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банкны идэвхтэй гишүүний хувиар Япон улс нь эдийн засгийн хүчин чадлаа олон улсын хамтын нийгэмлэг дэх нөлөөгөө өсгөхөд ашиглаж байлаа.

Японы ойрын хөрш орнууд нь ОХУ, БНАСАУ болон БНХАУ. Японы олон улсын харилцааны хөх номд эдгээр орнуудыг өөрийн гэсэн геополитикийн ашиг сонирхолтой улс орнууд хэмээн тодорхойлдог. Тиймээс тус улс эдийн засгийн гол түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг сонгохоос өөр сонголтгүй.

Япон улс урт хугацаанд эдийн засгийн эвсэл, нэгдэлд оролцож байгаагүй. Харин өдгөө эл практикаа эргэн харж, олон улсын эдийн засгийн эсвэл, нэгдэлд идэвхтэй оролцон, шинэ зах зээл нээж байна. Энэ хүрээнд тус улс юуны өмнө АНУ, ЕХ-ны гишүүн орнууд болон Зүүн өмнөд Ази, АСЕАН-ы гишүүн орнууд, Энэтхэгийг сонирхож байна. Энэ үүднээс Япон нь 2020 онд зарласан Номхон далай дамнасан түншлэлд нэгдээд байна.

Номхон далай дамнасан иж бүрэн, дэвшилтэт түншлэлийн хэлэлцээр нь /CPTPP/ Номхон далайн бүс нутгийн 11 орны эдийн засгийн нэгдлийг бий болгох зорилготой. Тус бүс нутгийн ДНБ нь дэлхийн нийт орны ДНБ-ий 13 хувийг бүрдүүлдэг.

Ирээдүйн стратеги буюу шинэ капитализм

2023 оны зун Японы Засгийн газар “Шинэ капитализм” төлөвлөгөөг танилцуулж байв. Үүнд Японы эдийн засгийн хөгжлийн дөрвөн стратегийн чухал чиглэлийг тодорхойлсон. Хөтөлбөрт юуны өмнө хөдөлмөрийн зах зээлийг цогцоор нь шинэчлэх зорилго дэвшүүлжээ. Үүнд хүний нөөц бэлтгэхэд хөрөнгө оруулах, цалин нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн, Фүмио Кишидагийн танхим шинжлэх ухаан, судалгааны салбарт хөрөнгө оруулалт татахыг зорьж байна. Үүний тулд Япон нь олон улсын үйлдвэрлэл, худалдааны гинжин хэлхээний нэгэн хэсэг болсон найдвартай түнш гэсэн нэр хүндээ ашиглахаар төлөвлөжээ.

Хөтөлбөрийн хүрээнд мөн стартап компаниудад дотоодын болон гадаад зах зээл рүү гарахад нь дэмжлэг үзүүлэхээр тусгасан бол дөрөвдөх зорилт нь хотуудыг цахимжуулах, нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжих, хандивын соёлыг дэлгэрүүлэх явдал юм. Энэхүү хөтөлбөр нь юуны өмнө дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, нийгмийн асуудлыг шийдэх үүднээс хүний нөөц, стартап, ногоон болон тоон технологи, шинжлэх ухаан, инновацын салбарт хөрөнгө оруулалтыг чиглүүлэх зорилготой. Үүгээр Японы эрх баригчид урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахаар зорьж байна.

Хэдийгээр тус улс шинэ стратеги дэвшүүлээд байгаа ч нийгэм, хүн ам зүй болон эдийн засгийн сорилтуудаас үүдэлтэй санхүүгийн эх үүсвэртэй холбоотой асуудлууд нээлттэй үлдэж байна. Шинэ бодлого нь улс төр, эдийн засгийн гол гол оролцогчдоос ихээхэн хүчин чармайлтыг шаардаж байна. Тэд дэлхийн хамгийн хүчтэй эдийн засаг бус харин нийгмийн баримжаатай, инновац шингээсэн эдийн засаг гэсэн шинэ нөхцөл, шинэ статусыг хүлээн зөвшөөрч, дасан зохицох учиртай.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.90) 2024 оны 03 сарын 19

Сэхнэ хөгжинө -\nМандан бадрана -\nДоройтоно мөхнө . Жам юм даа. 3 дахь шат руу ороод хэдэн жил болж байна.

0  |  0
zochin(202.55.188.97) 2024 оны 03 сарын 19

Amerikiiin aliig ih tseverleed 3t orov

0  |  0
Top