Хуулийн зөрчил гэж юу болохыг мэдэхийн цаагуур мэдэх УИХ-ын гишүүд илт хууль зөрчсөн заалт бүхий хуулийн төсөл өргөн барих болов. Хамгийн сүүлийн жишээ гэвэл энэ дөрөвдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Н.Энхболд, Г.Тэмүүлэн нараас өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн 38.3 дугаар зүйлд тийм зөрчил тодоос тод тусжээ. Тэнд “УИХ чуулганы хуралдааныг шууд нэвтрүүлэх, үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах телевиз, радиогийн тусгай сувагтай байж болно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, УИХ нь дэргэдээ өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчилдаг радио, телевизийн сувагтай байж болохыг хуульчилж өгөх санаа тусжээ. Хэрэв яг энэ үзэл санаагаар хуулийг баталбал 1998 оны намар батлагдсан, өдгөө хэвээр мөрдөж буй Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчинө гэсэн үг.
Дөрөвхөн зүйлтэй цомхон тус хууль нь ардчилсан, чөлөөт хэвлэл мэдээллийн амин баталгаа болсоор ирсэн гэдгийг холбогдох салбарынхан хийгээд төрийн түшээд бүгд мэднэ. Тус хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй”, дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасан байдаг. Хэрэв УИХ дэргэдээ радио, телевизийн тусгай сувагтай болчихвол төр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн ч хэрэгсэлтэй, бусад хэвлэл, мэдээлэлд хяналт тавих байгууллагатай ч болно гэсэн үг. Яагаад гэвэл тус сувгаар гаргасан мэдээг л радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад байгууллага хүлээн авч дамжуулахыг шаардах үүд хаалга хүссэн ч, хүсээгүй ч нээгдэх болно. Энэ шаардлага нь нэг үгээр хяналт юм. УИХ-ын дэргэдэхээс бусад телевиз, радиогийн сэтгүүлч, зураглаачид чуулганы танхим руу нэвтрэх эрх бүр хаагдаж ч болно. Угаасаа бэлэн дүрс, яриаг нь бэлтгээд өгчих юм чинь. Чуулганы танхимд хэн юу хэлж, ямар амьд халуун үйл ажиллагаа өрнөж, маргаан мэтгэлцээн ямар үндэслэлээр үргэлжилж, хэн хэнийг ямар үгээр дайрч, доромжилж байгааг ч үзэгч, сонсогчид, сонгогчид үл мэдэж, нүдээ боолгож, чихээ таглуулахын цондон болно. Ард иргэдээс сонгогдсон парламент олон нийтэд хаалттай болж, ардчиллаар олж авсан нээлттэй, ил тод мэдээллийн гадагш урсах сувгийг бөглөнө гэсэн үг.
Уг нь УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах суваг, шугам хангалттай байгаа. УИХ-ын Тамгын газар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах том газартай, дэргэдээ телевизийн студитэй. Тэндээс зохих ёсоор цензурдсан албан ёсны цагаан мэдээллийг тараадаг. Parliament.mn, d.parliament.mn вэб сайтууд УИХ-ын мэдээ, мэдээллийг хүргэж байгаа. Мөн Скай медиа сувгаар парламентын чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулан хүргэсээр ирсэн. МҮОНТВ, МҮОНР бол дээрээс дохисныг голдуу дамжуулж буй. Үүн дээр албан ёсны радио, телевизтэй болчихвол сонгогчдын мэдэх эрх тэр хэрээр хаагдана.
УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 38.4-д “Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчид чуулганы ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжилга хийх эрхтэй бөгөөд энэ талаар мөрдөх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална” гэсэн бас нэг заалт байна. Үүгээр хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжилга хийх эрхтэй боловч журмыг нь УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга батална гэхээрээ өмнөх үеийнх шиг парламентын үйл ажиллагааг чөлөөтэй сурвалжилж, гишүүдээс ярилцлага, тодруулга авч олон нийтэд хүргэх боломж хумигдаж болзошгүй бөгөөд, сэтгүүлчид одоо сууж буй Төрийн ордны нэгдүгээр давхрын голын өрөөнөөс холдолгүй байж, тусгай сувгаас дамжуулсан мэдээ, мэдээллийг л хуулж цааш нэвтрүүлэхээс өөр үүрэггүй шахам болж мэднэ.
Дээр дурдсан Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 1998 онд УИХ-аар баталж, 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Төрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг татан буулгасан. Ингэснээр Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сониныг татан буулгаж, “Ардан эрх” гэсэн нэрийг таван жилээр хэрэглэхийг хуулиар хориглож, тэнд ажиллаж асан сэтгүүлчид буурин дээр нь өнөөгийн хувийн “Өдрийн сонин”-ыг үүсгэн байгуулсан юм. Засгийн газрын мэдлийн “Засгийн газрын мэдээ” сониныг буулгаж, сэтгүүлч, сурвалжлагчид нь “Зууны мэдээ” хэмээх хувийн сониныг байгуулсан. Сүүлд Монголын үндэсний радио, телевизийг ч олон нийтийн болгосон.
Ингэж хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд төрийн мэдлээс салсан юм. Төрийн мэдэлд байх үед тухайн сонин, хэвлэлийн ялангуяа улс төрийн нүүрт ямар мэдээ, мэдээлэл оруулахыг дээрээс хянадаг, тухайн нүүр хэвлэгдэхээс өмнөх дардсыг шаардлагатай тохиолдолд УИХ, Засгийн газрын хэвлэлийн албад уншиж заавар чиглэл өгдөг тохиолдол цөөнгүй гардаг байв. Гэхдээ 1990-2000 он бол хэвлэлийн эрх чөлөөнд үүлэн чөлөөний нар туссан, харьцангуйгаар чөлөөт хэвлэл утгаараа оршиж асан зурвас үе л дээ. Түүнээс хойш хэвлэлүүд төрийн мэдлээс салсан ч улмаар 2000 оноос улстөрчид, бизнесийнхний хараа хяналт, атганд ямар нэг хэлбэрээр орсон. Улс төр, бизнесийн дээд хүрээнийхэн өөрийн мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байхыг зорьж, нэг үе 20, 30 сонинтой ч болж байв. Гэхдээ зах зээл үүнийг шигшсээр өдгөө өдөр тутмын чөлөөт дөрвөн сонин л үлдээд буй. Монголын цаасан хэвлэлийн зах зээлийн багтаамж ч тэр юм.
Харин одоо төр дахин өөрийн мэдээ, мэдээлэлд хяналт тавьж мэдэхээр эгзэгтэй үе ирэх бололтой. Хэрэв өргөн баригдаад буй хуулийн төслийн тусгайлан дурдсан заалт хэвээр батлагдвал шүү дээ. Ер нь ч сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө ямх ямхаар боогдсоор байгаа. 1990-2016 он хүртэл УИХ-ын чуулган, байнгын хороодын хурлыг сэтгүүлчид бүрэн чөлөөтэй сурвалжилдаг байсан бол түүнээс хойш УИХ-ын үйл ажиллагааг хагас чөлөөтэй сурвалжилдаг болсон. Сэтгүүлчид чуулганы танхимд нэвтэрдэггүй, байнгын хорооны хуралдааны үеэр фото зураг, дүрс авдаггүй байдалд шилжсэн. Үүнээс өмнө ч сэтгүүлчдийг чуулганы тэнхимд нэвтрүүлэхгүй, тусгай заасан цэгээс бусад газарт ярилцлага авахгүй гэх зэрэг хязгаар саад тавихыг удаа дараа оролдож байсан ч сэтгүүлч, зураглаачид тэмцэж байж нэвтрэх эрхээ хадгалж ирсэн юм. Гэвч сүүлийн үед тийм эрх нэлээд хязгаартай болсон юм билээ. Уг нь 1990-2006 он хүртэл сэтгүүлчид гишүүдийн яг ард, нэг танхимд сууж сурвалжилга хийдэг, зураглаач, зурагчид чуулганы танхимын голд орж дүрс, зургаа авдаг байсан юм шүү дээ. 2006 онд УИХ-ын чуулганы танхимд засвар хийснээс хойш сэтгүүлчдийг дээд давхарт суулгадаг болсон, сүүлдээ нэгдүгээр давхрын өрөөнд хорьж, чуулганы танхимд нэвтрүүлэхээ больж, хэвлэлийн эрх чөлөө хумигдсаар байгаа. Сэтгүүлчид чуулганы танхимд нэвтэрч сурвалжилснаар мэдээ, мэдээлэл амьд болохын зэрэгцээ, хамгийн гол нь төрийн түшээдийг сонгосон сонгогч болоод УИХ-ын гишүүдийн хооронд амьд гүүр нь болж өгдөгт, сонгосон гишүүд нь хэр ажиллаж, ямар хууль санаачлан батлуулж, амьдралд үйл ажиллагаа нь хэр нийцэж байгааг иргэдэд бодитоор харуулахад хэвлэлийн эрх чөлөөний амин сүнс оршдог.
Хэрэв УИХ дэргэдээ радио, телевизийн сувагтай, цаашлаад магадгүй цаасан хэвлэлтэй болчихвол 1990 оны өмнөх шиг ганц шугамаар мэдээлэл авдаг цаг руугаа л нийгэм шилжинэ гэсэн үг л дээ. Тиймээс л хуулийн төсөл дэх хууль зөрчсөн заалт батлагдаж төрийн мэдлийн хэвлэл, мэдээлэл амилах уу гэж асууж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
ARDIIN NAMIINHAN CHIN UGAASAA DUREE NUUSAN KOMMUNISTUUD ODOOGIIN TOM DARGA NAR CHIN BUGD DEER YEIIN NAMIIN DARGA NARIIN HUUHDUUD JN ; ZANDANSHATAR BAYANHONGORI AIMGIIN NAMIIN DARGIIN HUUHED, HURELBAATAR UVS AIMGIIN NAMIIN DARGIIN HUUHED GH MET