Герман, цахилгаан автомашины борлуулалтад төрөөс олгодог татаасаа зогсоож, Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа эрчим хүчний эх үүсвэрийн үнэ тэнгэрт хадсаны улмаас тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбар ихээхэн алдагдал хүлээх болжээ. Үүний том жишээ нь “Volkswagen / VW” компани. Тус компани түүхэндээ анх удаа зарим үйлдвэрүүдийнхээ хаалгыг барихаар төлөвлөж буйгаа зарлаж, 2024 оны борлуулалтынхаа урьдчилсан таамгийг хэд хэдэн удаа бууруулсан билээ. “Volkswagen”-д Хятадын цахилгаан автомашинтай өрсөлдөхөд хүнд болж, зах зээл нь хумигдаж байна.
2016 онд “Volkswagen” корпорац “Стратеги 2025” нэртэй хөтөлбөрөө зарлаж, энэ хүрээнд шинэ загварын цахилгаан автомашин гаргана хэмээн мэдэгдэж байсан билээ. 2025 он гарахаас хэдхэн сарын өмнө Европын томоохон автомашин үйлдвэрлэгч шинэ хямралын ирмэгт тулж ирээд байна.
Өнгөрсөн есдүгээр сарын эхээр корпорацын удирдлагууд Германы нутаг дэвсгэрт байрладаг хэд хэдэн үйлдвэрээ хааж магадгүй гэж мэдэгдсэн. Үйл ажиллагаа явуулсан 87 жилийн хугацаанд ийм хатуу арга хэмжээ авах тохиолдол гарч байгаагүй. Үүний сацуу тус компани ажилтнууддаа ажлын байрыг нь хадгалах баталгаа олгохгүй болсноо мэдэгдэж, 2030 он хүртэл ажлын байрны цомхотгол хийхгүй гэсэн амлалтаасаа няцахад хүрээд байна.
2023 оны зургаадугаар сард VW зардлаа хэмнэх хөтөлбөр танилцуулж, энэ хүрээнд 2026 оныг хүртэлх хугацаанд зардлаа 10 тэрбум еврогоор танахаар төлөвлөж байв. Энэхүү хөтөлбөр нь хөнгөн тэрэгний салбарын ашгийг 6.5 хувьд барих зорилготой. Гэтэл VW компанийн удирдлагууд хуваариасаа хоцорч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Зах зээл хумигдсан нь
VW-ны санхүүгийн захирал Арно Антлиц зарим үйлдвэрээ хаах болсон шалтгааныг борлуулалтын зах зээл хумигдсантай холбон тайлбарлаж байна. Үүний улмаас жилд 500 мянган автомашин борлуулж чадахгүй байна. Энэ бол хоёр үйлдвэрийн хүчин чадал. Түүний хэлснээр, цар тахлын дараа Европын автомашины зах зээл 2019 оны түвшинд хүртлээ сэргэж чадахгүй л байна. Тухайн үед борлуулалтын нийт хэмжээ 16 саяд хүрч байжээ. Тус компанийн тооцоолсноор, ойрын жилүүдэд Европын зах зээлд жилд 14 сая автомашин зарагдах төлөвтэй байна. VW зах зээлийн 25 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл 500 мянган автомашин эзэнгүй үлдэхэд хүрч байна. Тус компани үүний 40 хувийг Орост борлуулах боломжтой байсан ч 2022 оны хавар хориг арга хэмжээний хүрээнд Оросын зах зээлээс гарсан билээ. Цар тахлаас өмнө тус зах зээл дээр VW болон Skoda брэндийн 187 мянган автомашин зарагддаг байжээ.
Хятад өрсөлдөгч
Европын зах зээл хумигдсан нь VW-ны цорын ганц бөгөөд гол хүндрэл биш. Хятадын автомашин үйлдвэрлэлийн дэвшил цахилгаан хөдөлгүүртэй автомашины сегментэд илэрхий мэдрэгдэж байна. Гэтэл цахилгаан автомашинд Европын Холбоо ихээхэн найдвар тавьж байгаа билээ. 2023 онд дэлхийд үйлдвэрлэсэн нийт цахилгаан автомашины тэн хагас нь Хятад үйлдвэрлэгдсэн. Хятадын цахилгаан мотортой автомашинууд Европын зах зээлийн 11 хувийг хэдийн эзлээд байна. Ийн Хятадын автомашины “заналхийллээс” Европ уламжлалт арга барил болох татвараар хамгаалахаар хичээж байна. Хятадын цахилгаан автомашинд 45 хүртэлх хувийн татвар ногдуулахаа зарлаад байгаа билээ. Мэдээж хэрэг тоглоомыг хоёулаа тоглох боломжтой тул ЕХ, Хятадын хооронд яриа хэлэлцээ үргэлжилж байна. Талууд тохиролцоонд хүрч, татварын хэмжээ буурах нь дамжиггүй. Учир нь Германы автомашин үйлдвэрлэгч корпорацууд Хятадад багагүй тооны хамтарсан үйлдвэр бариад амжсан. Тухайлбал, Mercedes, BMW компаниудаас гадна Volkswagen-д SAIC VOLKSWAGEN, FAW-Volkswagen, Volkswagen Anhui зэрэг гурван үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрээс Volkswagen, Audi, Skoda, Cupra, Jetta брэнд нэртэй гурван сая гаруй автомашин гардаг. Тиймээс ЕХ Хятадын автомашинд өндөр хэмжээний татвар ногдуулсан тохиолдолд Хятадын зүгээс хатуу хариу арга хэмжээ авч, Германы компаниудад хүчтэй цохилт өгөх нь тодорхой.
Үнэтэй цахилгаан
Эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлт Германы нутаг дэвсгэрт үйлдвэрлэгдэж буй бүхий л бараа бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлсийн нэг юм. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш цахилгааны үнэ тасралтгүй өсжээ. Оросын хямд байгалийн хий Германы үйлдвэрлэгчдэд ашгийн хэмжээгээ зохистой түвшинд барих боломж олгож байсан. Оросын байгалийн хийнээс татгалзсанаар тэртээ тэргүй өндөр өртөгтэй байсан германы бараа бүтээгдэхүүний үнэ мэдэгдэхүйц нэмэгдэж, дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нь бууруулаад байна. Үүн дээр түүхэн дээд хэмжээнд хүрсэн инфляц нэрмээс болж, ажилчдын цалингийн сан нэмэгдэхэд хүрчээ.
Гэсэн хэдий ч зарим үйлдвэрүүдээ хаах тухай мэдээ гарч байгаа энэ үед “Volkswagen Group” компанийн санхүүгийн байдлыг хүнд гэж хэлэхэд хэцүү. 2023 онд борлуулалтын хэмжээ нь 15.5 хувиар, татварын дараах ашиг 13.1 хувиар тус тус өсөж, 17.9 тэрбум еврод хүрчээ. Харин 2024 оны эхний хагаст нөхцөл байдал бага зэрэг муудсан байна.
Бусад шалтгаанууд
Сонирхолтой нь Германы зарим шинжээчид, “Volkswagen” компанийн удирдлагууд үйлдвэрчний эвлэлүүдээс тавьж буй цалин нэмэгдүүлэх шаардлагаас зайлсхийх, үндэсний үйлдвэрлэлийн цахилгаан автомашин худалдан авалтад төрөөс олгох татаасыг сэргээх зорилгоор нөхцөл байдлыг зориудаар хүндрүүлж, ертөнцийн төгсгөлөөр айлгаж байна гэж үзэж байна. Энэ арга тактик нь үр дүнгээ өгч байгаа мэт. Германы эдийн засгийн сайд Роберт Хабек “Volkswagen” компанид зардлаа хэмнэх үеэ даван туулахад нь туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
“Volkswagen” компанийн жишээ Германы хүнд үеийн туулж байгаа аж үйлдвэрийн салбарын асуудлуудыг тодруулж байна.
ЭЗХАХБ-ын мэдээллээр, Герман нь хамгийн удаан хөгжиж байгаа аж үйлдвэрийн орнуудын нэг болжээ. 2024 онд тус улсын ДНБ 0.1 хувиар буурах төлөвтэй байна. Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Питер Адрианы хэлснээр, хямралын гол шалтгаан нь эрчим хүчний эх үүсвэрийн үнийн өсөлт, ажиллах хүчний зардал, татварын өсөлт, мэргэшсэн ажиллах хүчний хомстол, хөрөнгө оруулалттай холбоотой хүнд суртал зэрэгтэй холбоотой. Түүний үгийг албан ёсны статистик баталж байна. Энэ оны нэгдүгээр улиралд Германд нийт 5209 компани дампуурлаа зарласан нь 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 26.5 хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 2 )
Germanii Aldi,Lidl hamgin hyamd unetei hunsnii barag zardagsan
orosiin hii neft tumurgui bol germanii aj vildver dampuurij duusah ni dee. amerikiig dagaj eh oronoo dampuuruulij bgaa odoogiin zasagiin gazar bol vnen teneg bain daa. amerikd baidal saingui bgaa sh dee. tend ur 35 trilloin bolod mungu hevlej her udaan amidarah be dee..