ОЛОН ӨНГӨ I Хүний хүү, хүний нутаг

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 11 сарын 03

Бурхантын онгон, зэлүүд хөндийд тэртээ 1961 оны намар, зөөлөн сэвэлзүүр салхитай өдөр Дархан хотын суурийг тавьсан байдаг. Одоогийн "Хараа" зочид буудлын зүүхэн талд улаан шугам татаж, ДАРХАН гэсэн бичигтэй пайз хатгаж байжээ. Ингэж залуусын хот гэгддэг Дархан хот бий болсон түүхтэй. Харин миний бага нас энэ л нутагт, тэр дундаа Бурхантын хөндийн хормойд Хараа голын эрэг дээр өнгөрсөн. Их хотыг бараадахдаа бусдын л адил нутагтаа ирж амьдарна, ажиллана гэж боддог байлаа. Тэрхүү хүслээ дотроо шивнээд гарсан минь саяхан юм шиг л санагдаж байна. Гэвч хэдийнэ 15 дахь хавартайгаа золгожээ. Энэ хугацаанд миний бодол ч, Дархан хот маань ч тэр аль аль нь асар их өөрчлөгдсөн байх юм.

Би их хотоос эрдэм өвөртөлж ирчихээд нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд хүч нэмнэ гэж мөрөөддөг байсан жаахан бор хүү биш болжээ. Зөвхөн ажлын шугамаар дайран өнгөрч, эсвэл амралтын зорилгоор хааяадаа нутгаа "дэн буудал" шиг ашигладаг болоод удаж байна.

Надгүйгээр өнгөрүүлсэн 20 жилийн хугацаанд нутаг маань танигдахын аргагүй өөрчлөгдөн хөгжжээ. Гагцхүү бага насны минь гэрэлт дурсамжийг тээж, тэр л өнгөөрөө хоцорсон байшин барилга гарын арван хуруунд ч хүрэхгүй шахам цөөхөн харагдана билээ. Хуучны ганц, хоёрхон барилга, хэдхэн гудамж талбай л арван хэдэн жилийн өмнөх тэр л хэвээрээ ангарай бага насны минь дурсамжийг тээж хоцорчээ. Яах аргагүй Дархан хот маань хүний нутаг, би хүний хүү болжээ...

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.117.232) 2024 оны 11 сарын 04

Дархан уг нь дажгүй л хүүүхнүүд залуустай хот байсийм.. Гэтэл гайгуй залуус нь Солонгос, Чех, Герман, Франц гээд гараад явцсан.. оронд нь хөдөөний халтарууд нь ( Хонгор, Зулзага, Шарын голынхон) нь ирчээд - Би Дарханых.. Би Дарханых гээд байдаг болчихсон л доо..

1  |  0
Top