“Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон зарим нэг татаасын мөнгөөр өөрсдийгөө “угжиж” байдаг бүлэглэл үүсээд удлаа. Энэ бол “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяр, “Гашуун сухайт автозам” компанийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаа нараар магнайлуулсан бүлэглэл гэдгийг эх сурвалж хэлж байна.
Тэдэнд нүүрсний тээвэр, бараа үйлчилгээ нийлүүлдэг компаниуд, тендер гээд оролцохгүй зүйл нэгээхэн ч үгүй. Гэхдээ хамгийн гол “сааж” байдаг зүйл нь Тавантолгой орд газраас Гашуун сухайт хүртэлх 239 километр автозам аж. Мэдээж энэ бүхний цаана “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт байх магадлалтай. Яагаад гэхээр хурган дарга нар нь хулгай хийж байхад мэдэхгүй байна гэж үгүй л болов уу. Тэгээд ч уул уурхайн 30 орчим компанийг эгнээндээ нэгтгэсэн асар баян айл бол “Эрдэнэс Монгол”. Өөрөөр хэлбэл эдгээр компаниудаас татаас авч байдаг баян айл.
С.НАРАНЦОГТЫН БАГТ БАЙГАА Л.НЯМБАЯР ГЭЖ ХЭН БЭ?
Л.Нямбаяр нь урьд өмнө “Хөтөлийн цемент шохой” Төрийн өмчит компанид Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан нөхөр. Тэрбээр ийн ажиллахдаа сарын 8.000.000 төгрөгийн цалинтай ч цалингаасаа цай, шатахуунаа гаргадаггүй, цайны мөнгөнд 2,3 сая төгрөг, шатахууны зардалд 2,2 сая төгрөгийг “Хөтөлийн цемент шохой” компаниас гаргуулаад зогсохгүй тус компанийг Улаанбаатар хотын төвд түрээсийн оффистой болгож, түүнийхээ түрээсэнд хэдэн зуун сая төгрөг зарцуулсан зэрэг нь ч дуулиан болж байлаа. Харин өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн мөнгөнд шунаж яваагийн цаана хэн хэн байна вэ гэдгийг ч тодруулах цаг нь болсон. Ийм нэг төсвийн мөнгөөр гараа угааж дадсан нөхөр “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын даргаар очиж, улмаар олон хүний эрдэнэт амиар мөнгө хийгээд эхлэв үү гэх хардлага төрөхөөс өөр аргагүй нөхцөл байдал ч бий. Хардах үндэслэл ч байна.
УДИРДЛАГАД БАЙГАА ШИНЭ, ХУУЧИН ЗАХИРЛУУД ГЭЖ ХЭН БЭ
“Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Гашуунсухайт автозам”-ын захирлаар ажиллаж байсан Ж.Баянмөнх нь давуу эрхээ ашиглан “Чингис хаан” банкинд асар их хэмжээний мөнгө удаа дараа байршуулж байсан нь тогтоогдон, АТГ-т шалгагдан, хэрэг нь прокурорт шилжсэн аж. Тиймээс түүнийг ажлаас нь чөлөөлж, З.Амарсанаа гэгч нөхрийг томилсон нь Л.Нямбаяртай гар сэтгэл нийлэх томоохон шалтгаан болсон бололтой. З.Амарсанаа нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг, нүүрс тээвэр, хаанаас хэрхэн мөнгө олох аргаа мэддэг нөхөр гэдгийг нутгийнхан ярьж байна.
АВТОЗАМЫГ ТЕНДЕР ЗАРЛАЛГҮЙ ШУУД ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА НЬ МӨНГӨ ЗАВШИХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА
Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Гашуунсухайт Тавантолгой чиглэлийн автозамын засвар бусад ажлыг тендерээр гүйцэтгэдэг байсан бол одоо шууд гэрээгээр гүйцэтгэх болсныг хэлж байна. Ингэхдээ “Эрдэнэс Монгол” компаниас “Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн замыг засах тендер зарлахаар хугацаа орж, хүний амь эрсдэж, тэрэг техник эвдэрч байна.
Тиймээс үүнд аж ахуйн нэгж, компаниудтай гэрээ байгуулж, хурдан хугацаанд засварлаж байхгүй бол болохгүй” гэх шалтгаанаар тендер зарлахаа больжээ. Харин “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд танил тал, магадгүй халаасных нь компаниуд ч гэрээгээр гүйцэтгэх болсон нь бас нэгэн мөнгө угаах арга хэрэгсэл байх гэх хардлага бий. Нээлттэй тендер зарлалгүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэнэ гэдэг нууц байдалд хэнийхээ ч компанийг оруулж байсан мэдэх аргагүй зүйл.
“ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ”-ААС ӨДӨРТӨӨ 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ОЛДОГ
“Гашуун сухайт автозам” компанийн замаар өдөртөө 1400 гаруй автомашин дамжин өнгөрч байгаагийн дийлэнх нь буюу 98.5 хувь нь чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдгийг С.Наранцогт захирал өөрөө мэдээлж байсан. Харин нэг хоёр тэвшнээсээ хамаарч нэг машинаас 250-500 хүртэлх мянган төгрөг авдаг байна. Үүнээс харахад өдөртөө 700 гаруй сая төгрөг болж байгаа бөгөөд үүнийг “Гашуунсухайт автозам” компанийн бүлэглэл дарга нартайгаа нийлэн халаасладаг гэх хардлага хаа сайгүй бий болжээ. Учир нь ийм хэмжээний мөнгө олж байж замаа засахгүй байгаа нь ихээхэн хардлага дагуулж байгаа хэрэг.
ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТЫН ЗАМД ЖИЛДЭЭ 50 ОРЧИМ ХҮН АМИА АЛДДАГ
Өдөртөө 700 гаруй сая төгрөг олж байгаа энэ замаас сардаа дундажаар 20 орчим, жилдээ 200 гаруй тэрбум төгрөг олж байна гэсэн үг. Харин замаас олж байгаа их мөнгө хаашаа ороод байгааг шалгах цаг нь болсон. Яагаад гэхээр замын байдал огт дээрдсэн зүйлгүй, машин техник эвдэрч, хүний амь эрсдсээр байгааг дуулгаж байна. Энэхүү автозамаас олон жил мөнгө “сааж” байгаа ч замаа засварлаж чаддаггүй, жилдээ 50 орчим хүний эрдэнэт амь үрэгдсээр байна. Хатуухан хэлэхэд, хүний амиар мөнгө хийж байна гэж ч хардаж ч болохоор харагдана.
Сэтгэгдэл ( 1 )
SEXSY AJIL XN80955877