ОЛОН ӨНГӨ I Сорилт

2024 оны 11 сарын 14

Амьдрал бол шалгалт сорилтын эргэж буцдаггүй их урсгал юм. Тэр шалгалт сорилт нь ил далд хэлбэрээр ,эрчимтэй агсарсуу чангаар юм уу, эсвэл эерүү зөөлнөөр зүрх мэрж ирнэ. Зүрх гэгч хамгийн мэдрэмтгий эрхтэн учраас өвдөж зовиурлах нь даанч их аж. Гэвч түүний цаанаас дотоод “эзэн” минь “Чи хэн бэ?”, “Хүн мөн үү?” гэж үргэлж асуух нь хачин. Тэгснээ “Хүн юм бол тэвчээртэй байж, тэнцвэрээ хадгалаа” гэж зандарна. Энэ зандралт хамаг биеэр био долгион болж урсахад сая сэхээ авч хүн нэрэндээ тэнцэж оршихыг хичээн амьдралын их урсгалын аясыг дагана. Ухрах, урвах арга байхгүй. Бас бусдад нялзаах учиргүй. Үйлийн үрийг өөрөө л эдэлж бардаг гэдэг.

Амьдралдаа би зөндөө шалгалт сорилттой тулгарч, зүрх сэтгэлдээ хүндхэн ачаа үүрч явсан өдрүүд олон. Аав, ээж, ах нар, хайртай ганц эгчээ мөнх бусын замд үдэж элгээ эмтэлж, зүрхээ зүсүүлж үзсэн. Тэр бүхэнд “Зовоох цагт тэвчээр, жаргах цагт сэрэмж хэрэгтэй” гэдгийг санаж, бурхны шашны сэтгэлийг засах билиг чанарт итгэж, буяны зам мөрийг дагахыг эрхэмлэж ирлээ. Хайрт ханиасаа үүрд хагацах амаргүй юм. Гэсэн ч бие сэтгэлийн тэвчээр зааж, бурхны шашны сургаалыг эрхэмлэн, лам хуврагуудын зааснаар буяныг эрхэмлэн, хань минь сайн төрлийг олох болтугай гэж цаг үргэлж залбирсаар сууна.

Ийм цаг үед олон сайхан хүмүүс сэтгэлийн дэм үзүүлж, амьд явахын утга чанарыг улам бүр ширээнэм. Эндээс би эрч хүч авч угтах он жилүүдэд билиг оюуны хийгээд буяны зул олныг бадрааж, урам зоригтой, эрч хүчтэй амьдрахыг хүсэж байна. Энэ хүсэл минь надад итгэсэн олон сайхан хүмүүс болон “Дотоод эзэн “-дээ тоогдож оршихын хувь юм.

Сайн үйлс дэлгэрч, өлзий хутаг орших болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top