Хятадын удирдагчтай уулзахаар төлөвлөж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 13

Арваннэгдүгээр сарын 11-нд Японы Ерөнхий сайдаар дахин сонгогдсон Шигэрү Ишиба Перу улсад болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаа тухай Японы мэдээллийн Kyodo агентлаг мэдээлсэн байна.

Арваннэгдүгээр сарын 15-нд болох төлөвтэй байгаа энэ уулзалтыг зохион байгуулах асуудлыг зөвшилцөж байгаа аж. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны болон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Перу болон Бразил улсад айлчлахаар төлөвлөж байгаа тухайгаа Ишиба өнгөрсөн даваа гарагт зарласан юм. Тэрээр энэ аяллынхаа хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон бусад улсын удирдагчидтай уулзах юм байна.

Ишиба аравдугаар сарын 10-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цяньтай Лаост болсон Зүүн-Өмнөд Азийн улсуудын Холбооны /АСЕАН/ дээд хэмжээний чуулганы үеэр уулзсан ба талууд стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, үүсээд буй асуудлуудыг үр бүтээлтэй шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top