ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнөөдөр 2024.12.12. Энэ оны 347 дахь өдөр бөгөөд он дуусахад 19 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандаж, 16 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 20 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын төвийг сахих байдлын өдөр. Казахстанд өнөөдөр Гаалийн ажилтны баяр, ОХУ-д Үндсэн хуулийн өдөр, Японд Ханз бичгийн өдөр, Кенид тусгаар тогтнолын баяр, Швейцарт Төрийн далбааны өдөр, Киргизэд Үндэсний утга зохиолын баяр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Женнифер Коннелли, Орос, Бразилын хөлбөмбөгч, хаалгач Маринато Гильерме, БНСУ-ын “Big Bang” хамтлагийн дуучин Сынри, Нигерийн хөлбөмбөгч Мозес зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1787 оны энэ өдөр Пеннсилвани АНУ-ын хоёр дахь муж болжээ.

1911 оны энэ өдөр Энэтхэг улс нийслэлээ Калькуттагаас Делид шилжүүлсэн байна.

1913 оны энэ өдөр 1911 онд Луврын музейгээс алга болсон “Мона Лиза” Флоренцид олджээ.

1935 оны энэ өдөр Ираны Шах Реза Пехлеви засгийн эрхэнд гарчээ.

1941 оны энэ өдөр Энэтхэг улс Японд дайн зарлав.

1963 оны энэ өдөр Кени улс Их Британиас тусгаар тогтносноо зарлажээ.

2008 оны энэ өдөр Швейцар улс Шенгений бүсэд нэгдэн орсон байна.

Билгийн тооллын 12. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top