Худалдааны дайнд ялагч гэж байхгүй: Трампын тарифыг дэлхий хэрхэн хүлээн авав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 07

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн 185 улс, нутаг дэвсгэрийн бараа бүтээгдэхүүнд импортын тариф ногдуулсан нь дэлхий даяар хатуухан шүүмжлэлд өртөөд байна. Вашингтоноос зарласан худалдааны дайны сөрөг үр дагавар, хариу арга хэмжээний талаар Европ, Азид ярьж эхэлжээ. Трампын зарлиг ёсоор суурь татвар нь 10 хувь байна. Тодорхой улсуудын бараа бүтээгдэхүүнд илүү өндөр хувь ногдуулсан. Тухайлбал, Хятадад 34 хувь, ЕХ-нд 20 хувь, Японд 24 хувь, Энэтхэгт 26 хувь, Вьетнамд 46 хувь, Индонез улсад 32 хувь, Камбожид 49 хувь, БНСУ-д 25 хувь, Тайландад 36 хувь, Швейцарт 31 хувь гм. Монгол Улсын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулжээ.

Олон улсын реакц

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Трампын шийдвэрийг “харгис бөгөөд үндэслэлгүй” хэмээж, Европын эдийн засагт ноцтой нөлөөлнө гэж мэдэгдэв. Европын Холбооны гишүүн орнууд багийн тоглолт хийж, өөрсдийгөө хамгаалах нь чухал. ЕХ-ны хүч нь 450 сая хэрэглэгч бүхий зах зээлд оршдог гэжээ. Тэрбээр АНУ-д хийх хөрөнгө оруулалтаа түр зогсоохыг уриалсан байна.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Цагаан ордны тэргүүний эл шийдвэр нь дэлхийн эдийн засагт хүчтэй цохилт өгнө гэжээ. Дэлхий даяар олон сая хүн үр дагаврыг нь амсана гээд АНУ яриа хэлэлцээ хийхгүй бол хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Ганд ногдуулсан татварын хариуд авах арга хэмжээний эхний багцыг бэлтгээд байгаа бөгөөд эрх ашиг, бизнесээ хамгаалахын тулд цаашид ч арга хэмжээ авна гэжээ.

Трампын тангараг өргөх ёслолд Европоос оролцсон цорын ганц удирдагч, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони эл шийдвэрийг буруу гээд АНУ-тай тохиролцоонд хүрч, худалдааны дайнаас зайлсхийхийн тулд боломжтой бүхий л алхмыг хийнэ гэж Мелони онцолсон байна.

Норвег улс дотоодын аж ахуйн нэгж, эдийн засгийн салбарууддаа дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Осло мөн Вашингтонтой хэлэлцээ хийхэд бэлэн гэж Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре мэдэгджээ.

Трампын эл шийдвэртэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд Хятад улс Цагааны ордны тэргүүний алхмыг буруутгаж, эрх ашиг, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хариу арга хэмжээ авна гэв. “Худалдааны болон татварын дайнд ялагч гэж байдаггүй. Протекционист бодлого бол гарц биш. АНУ нь алдаатай үйлдлээ залруулж, худалдааны маргааныг эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай зарчмыг баримтлан харилцан зөвлөлдөх замаар шийдвэрлэх учиртай” гэж мэдэгдэлд онцолсон байна.

Токио шинэ татвараас чөлөөлөгдөөгүй явдалд урам хугарч байна гэж Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгджээ. Трампын эл шийдвэр хоёр талын эдийн засгийн харилцаа, дэлхийн эдийн засаг болон олон талт худалдааны тогтолцоонд сөргөөр нөлөөлнө гээд боломж гарвал Трампаас энэхүү арга хэмжээгээ эргэн харахыг биечлэн хүснэ гэжээ.

Дэлхий дахинд татварын дайны сүүдэр нөмөрсний улмаас нөхцөл байдал улам хүндэрч байгаа энэ үед засгийн газар худалдааны хямралыг даван туулахын тулд бүхий л нөөц, боломжийг ашиглах ёстой гэж БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын тарифын бодлогод өртсөн автомашин үйлдвэрлэгч зэрэг бүхий л үйлдвэр, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх чиглэлд шуурхай арга хэмжээ авах чиглэл өгчээ.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе АНУ-ын эсрэг 2024 оны хоёрдугаар сард хоёр улсын хооронд байгуулсан чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт заасан маргааныг шийдвэрлэх механизмыг ашиглана хэмээн сүрдүүлэв. Харин Шинэ Зеланд АНУ-тай тогтоосон худалдаа, эдийн засгийн нягт харилцаа холбоогоо үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж тус улсын худалдааны сайд Тодд Макклей мэдэгджээ.

Хамгийн хүнд цохилт хэнд тусах вэ?

Хувьд илэрхийлснээр хамгийн өндөр татвар Камбож /49 хувь/, Вьетнамд /46 хувь/ ногдож байгаа ч хамгийн хүнд цохилтыг Хятад, Мексик, Канад амсана гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын одоогийн засаг захиргааны хувьд дэлхийн тавцан дахь хамгийн гол өрсөлдөгч гэж цоллуулж байгаа Хятадын хувьд бүх зүйл ойлгомжтой. Харин Мексик, Канад нь АНУ-ын хамгийн ойрын хөршүүд. Эл хоёр улсын тохиолдолд Трамп “Бусдыг айлгахын тулд өөрийнхнийгөө зод” гэсэн зарчмыг баримталж байна. Тус хоёр улс ДНБ-ийхээ 2.3 болон 3.4 хувийг тус тус алдаж болзошгүй гэж шинжээчид тооцоолжээ. Харин АНУ өөрөө ДНБ-ийхээ 2.34 хувийг алдана.

Неолиберализмын амь тасрав

Болсон үйл явдлыг Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро нарийн тодорхойлов. Тэрбээр Трампын тарифын бодлого нь неолиберализмын мөхөл юм гэжээ. “Өнөөдөр дэлхий даяар чөлөөт худалдааг зарлан тунхаглаж байсан неолиберализм мөхлөө. Энэхүү үзэл баримтлалыг баримталж байгаа сөрөг хүчнийхэн цогцос барьж байгаа гэдгээ ойлгох ёстой” гэж Густаво Петро Х сүлжээнд бичсэн байна.

Харин шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэлхийн бүх улсын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулснаар даяаршилд цэц тавьж, дэлхий дахины нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалж, эдийн засгаар дэнчин тавьсан явдал болж байна гэж дүгнэжээ. Энэхүү арга хэмжээ нь АНУ-ын худалдааны алдагдал, улсын өрийн өсөлт ямар хүнд байдалд харуулж байна. Энэ нь дэлхий дахин дахь хүчний хуваарилалтыг өөрчилнө. Трампын санаачилсан тарифын дайн дэлхийн худалдааны урсгалд хүчтэй нөлөөлж, ам.долларын бус төлбөр тооцоог идэвхжүүлнэ гэж зарим шинжээчид үзэж байна.

Азид бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагаа бэхжиж эхлэх ба буурай хөгжилтэй орнууд эдийн засгийн асуудал дээр бүрэн өөртөө найдах болж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах ч хямралаас зайлсхийх боломжтой. Үүссэн нөхцөл байдал нь ам.доллароос хараат байдлыг бууруулах, АНУ-ын зах зээлээс хараат байдлыг бууруулах зорилгоор нийлүүлэлтийг солонгоруулах боломжийг нээж байна. Нэг л зүйл маш тодорхой. Тэр нь дэлхий маш хурдан өөрчлөгдөнө.

Трамп үнэндээ даяаршлыг устгах бус харин дүрмийг нь өөрчлөх гэж оролдож байна гэж үзэх нэгэн ч байна. Түүний шинэ схемийн төвд АНУ байх бөгөөд ашиг сонирхол нь Панамаас Гринланд хүртэлх өрнөд хагасыг хамрах юм.

Энгийн америкчууд цохилтод орно

Импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулах нь Трампын дэлхийн худалдааны тэнцвэрийг өөрчилж, АНУ-ын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх төлөвлөгөөний гол зорилго. Цагаан ордны тэргүүн тарифыг АНУ руу шинэ хөрөнгө оруулалт татах гол хэрэгсэл гэж үзэж байна. Гэвч шинжээчид Трампын татвартай холбоотой үүсэх инфляцын өсөлт, орлого буурах зэрэг зардлуудыг Америкийн айл өрхүүд нуруун дээрээ үүрнэ гэж үзэж байна. Тарифын бодлого автомашин, хүнсний бүтээгдэхүүн, бусад бараа бүтээгдэхүүн, орон сууцны үнийн өсөлт хэлбэрээр илэрнэ. Компаниудын ашиг орлого буурч, эдийн засгийн өсөлт саарна гэж шинжээчид онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu