АНУ-ын Лос-Анжелес хотын төвд орших ханан дээр Коби Брайант болон түүний охин Жижи Брайантын дүр төрхийг зурж мөнхжүүлсэн байдаг.
Зураач Луи Палсиногийн энэхүү бүтээл дээр танхай этгээдүүд сараачиж, мөн элэгдэж муудсан тул засаж сайжруулах гарцаагүй шаардлага гарчээ. Мэйн стритийн 14-д байрлах энэхүү ханын зургийг засаж, хуучин хэвэнд оруулах бүх төлбөрийг буюу 5000 мянган ам.долларыг Лука Дончич гаргасан байна.
“Би хүмүүст өөрийгөө өртэй гэж бодож явдаг. Хүмүүс биднийг дэмжихдээ маш ихийг өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ бол бага ч гэсэн ачийг нь хариулж буй маань юм. Кобигийн охинтойгоо осолд орсон тэр аймшигтай явдлын талаар анх сонссоноо би сайн санаж байна. Мөн ч их харамсаж, гашуудсан даа. Тэгээд ч би Кобиг охиныхоо хамт үргэлж энд байгаасай, хүмүүс өдөр бүр харж байгаасай гэж хүсдэг” хэмээн словен залуу ярьсан байна.
Дончич “Лейкерс”-т ирээд гурван сар болж байна. Түүний шинэ баг плей-оффт шалгарсан ч эхний шатандаа “Миннесота”-тай учраа таарч, цувралын тав дахь тоглолтын өмнө 1:3-аар хожигдож явна. Өөрөөр хэлбэл, одоо нэг л хожигдвол энэ улирал бүхэлдээ дуусаж буй юм.
Коби Брайантын хувьд замналынхаа бүтэн 20 жилийг “Лейкерс”-т зориулсан, клубын түүхэн дэх хамгийн олон оноо авсан тоглогч нь. 2020 оны нэгдүгээр сард охинтойгоо хамт нисдэг тэрэгний осолдож, амиа алдсаны дараагаар Өмнөд Калифорнийн гудамж, талбайд маш олон дурсгалт зүйлс, ханын зургууд бий болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )