Хямд нүүрс борлуулж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

­­­­­­­  Арваннэгдүгээр сарын 4-өөс эхлэн гэр хорооллын айл өрхүүд 40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авч эхэлнэ.  Ийм эрс хямдралтай үнээр зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 226000 өрх бүр 2,6 тонн нүүрс авах боломж бүрдэх юм. Үр дүнд нь айл өрхүүд нүүрснийхээ зардлаас 320 мянган төгрөг хэмнэх бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ нь 40 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгож байгаа ажээ.

Нэг тонн нь   дунджаар 225 мянган төгрөгт хүрээд байгаа нүүрсний үнийг бууруулж, айл өрхөд хямд бөгөөд хаягдалгүй нүүрс нийлүүлэх чиглэлээр Засгийн газрын авч байгаа арга хэмжээ хэрэгжиж эхлэлээ.  Багануурын уурхайд шигшиж ялгасан нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Толгойт, болон Амгалан өртөөнд буулгаж хэрэглэгчдэд түгээх ажлын бэлтгэл хангагдсан байна.  Нийслэлийн нэг өрх хоногт дунджаар 14 кг, хотын гэр хорооллынхон нийтдээ 1764 тн нүүрс түлдэг учир энэ хэрэглээг хангахын тулд Багануурын уурхайгаас өдөрт 32 вагон нүүрсийг иргэдийн хэрэглээнд зориулан гаргах, мөн олборлосон нүүрсийг саадгүй тээвэрлэн нийслэлд хүргэх талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэнтэй тохиролцсон юм.  Энэ ажлыг зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэн өнөөдөр Хан-Уул дүүргийн хороодын дарга нар болон борлуулагчидтай уулзаж, айл өрхөд нүүрс түгээх ажлыг чирэгдэл багатай зохион байгуулах талаар зөвлөгөө өгсөн байна. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ ажилд Багануурын нүүрсний уурхай, Улаанбаатар Төмөр Зам, нийслэл, дүүрэг, хороод болон савлалт, түгээлт хийх “Эм Жи Эл Эс Би” компанийн 1600 орчим гэрээт ажилтан, нийтдээ 4000 гаруй хүн оролцож байгаа. Өнөөдөр Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар, савлалт, түгээлт хийх компанийн менежер болон борлуулагчдын хооронд гурвалсан гэрээ байгуулан гарын үсэг зурсан байна.Улаанбаатар хотод Багануурын нүүрс борлуулах 176 цэг ажиллах бөгөөд өдөр бүр өглөө 10 цагаас орой 21 цаг хүртэл ажиллаж байхаар тогтжээ.   Нүүрс борлуулах цэгүүдийн болон бүртгэл хийж талон тарааж байгаа хороодын үйл ажиллагаатай холбоотой санал    хүсэлтээ иргэд 11-11 болон 1234 дугаарын утсаар өгч болох юм байна. 

Г.Энхтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top