Зам, Тээврийн Яам, Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албанаас “Өвөлд бид бэлэн” сэдэвт өдөрлөгийг 2012 оны 11 дүгээр сарын 03-ны 11 цагаас тус албаны Сонгино хайрхан оношлогооны байрны гадаа талбайд болно.
“Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба”-наас жил бүр хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангасан талаар албаны захирлын удирдамжаар 51 аж ахуйн нэгж байгууллагын дулаан гараж, запас сэлбэгийн нөөц, техник үйлчилгээний засвар болон давтан үзлэг оношлогоонд цаг хугацаандаа орсон эсэх, техникийн түргэн тусламжийн тэрэг зориулалтаар бэлдсэн эсэхийг 2012 оны 10 дугаар сарын 7-20-ныг дуустал шалгалт хийсэн.
Тус арга хэмжээнд 45 аж ахуйн нэгж байгууллагын том оврын автобус 23, дунд оврын автобус 21, бага оврын автобус 13, суудлын жижиг 1, техникийн түргэн тусламжийн тэрэг 7 тус тус оролцоно.
Өдөрлөгөөр Онцгой байдлын газар, Ус цаг уур усны шинжилгээний төвөөс 2012-2013 оны өвлийн цаг агаарын төлөв байдал, авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийнэ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )