Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрын шагналт, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын гоцлол дуучин гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн нээлтээ Монголынхоо нэрт хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-1 талархлын концертоо энэ сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулахаар болсон аж.
Тоглолтонд урилгаар Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, “Voice group”-ийн дуучин Д.Отгонжаргал нар оролцох гэнэ. Мөн Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ажээ.
“Монгол сонгодог” төслийн зорилго нь дэлхийн энтэй Монголын сонгодог уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, Монголын үзэгчдэдээ тэр гайхалтай дэлхийн хэмжээний бүтээлүүдийг мэдрүүлэхэд оршиж байгаа гэнэ.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 1 )