“Автобус-1”-ын жолооч, кондукторууд ажил хаялаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

 

Том оврын автобусаар нийтийн тээвэрт үйлчилдэг "Автобус-1" компанийн жолооч, кондукторууд  өнөөдөр өглөөнөөс эхлэн үйлчилгээнд гарсангүй.

Учрыг тодруулахад тус компанийн жолооч, кондукторууд өдрийн орлогоо багасгах шаардлагыг удирдлагууддаа удаа дараа мэдэгдэж байсан ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй аж.

Нийслэлийн хэмжээнд 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тус компанийн бүх автобус буюу 100 автобусны жолооч, кондуктор удирдлагатайгаа тохиролцох хүртлээ ийнхүү зогсох юм байна.  

Тус компанийн үйлчилдэг 11 чиглэлийн заримд нь өрсөлдөгч компаниуд нь үйлчилж байгаа ч ачаалал ихтэйгээс гадна иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байна. Энэ талаар Нийтийн тээврийн газраас тодруулахад бидэнд одоогоор мэдээлэл алга. Эргэн холбогдож мэдээлэл аваарай гэв.

Дашрамд дурьдахад "Автобус-1" компани нь дараах чиглэлүүдэд үйлчилдэг юм байна.

  1. М-3 Бэлх-Сэлхийн чиглэлд - 12 автобус
  2. М-11 Нисэх-МУБИС-Ард чиглэлд - 10 автобус
  3. М-7 Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол чиглэлд - 5 автобус
  4. М-13 Шар хад-3,4-р хороолол чиглэлд - 18 автобус
  5. М-16 Хайлааст- МУБИС чиглэлд- 6 автобус
  6. М-18 Зүрх уул-Чингэлтэй-МУБИС чиглэлд- 11 автобус
  7. М-22 Нисэх-Сонсголон-Ард чиглэлд- 13 автобус
  8. 25а  Баянхошуу-Ард кино театр чиглэлд - 7 автобус
  9. 25б  Баянхошуу-Вокзал-ТЭЦ-3 чиглэлд - 7 автобус
  10. М-37 Нарангийн гол-Бөмбөгөр-Ард кино театр чиглэлд - 10 автобус
  11. Хот орчмын Өлзийт хороолол-Төв номын сан чиглэлд нэг автобус тус тус үйлчилдэг ажээ.

Тус компанийн ажил хаялт хэзээ болтол үргэлжлэх талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top