“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага нь ирэх сарын 7-нд “Блэк Бокс” театрт уншигчийн театрын тоглолт зохион байгуулах гэж байна. Уншигчийн театр (reader`s theatre) буюу тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засч тусгай хувцас өмсөн, гэрэл тавилгүй, зөвхөн хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм. Тус байгууллага нь өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ IFEX байгууллагын дэмжлэгтэйгээр “Aсууя!” кампанит ажил өрнүүлж байгаа билээ. Кампанит ажил нь хүний нэр төртэй холбоотой гомдлыг эрүүгийн хуулиар хүлээн авч шийдвэрлэхийн эсрэг улс төрчдийн хүсэл зоригийг тандах зорилготой юм. МАН, ИЗНН, ИХН, Эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолтой холбоотой дээрх хоёр заалт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болон ашиглагдаж байгааг хүлээн зөвшөөрч, уг заалтыг халж, Иргэний хуулиар шийдэх нь зүйтэй гэсэн саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн АН, МАХН-ын цөөнгүй гишүүд дэмжиж, санал зөвлөмжөө ирүүлсэн гэнэ.
“Асууя!” кампанит ажлын хүрээнд хүний нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр хэрэгт холбогдож буй сэтгүүлчдийн бодит жишээнд үндэслэн бичсэн “Том ах”, “Хожимдоогүй” жүжгүүдийн тавилттай уншлага зохион байгуулагдана.
Дээрх хоёр жүжгийн зохиолыг жүжгийн зохиолчдын сургалтад оролцсон уран бүтээлчид Х.Наранжаргал багшийн удирдлага дор бичжээ. “Том ах” жүжгийн зохиолыг Т.Бум-Эрдэнэ, П.Одгэрэл, Д.Амарсайхан, Б.Сайнбилэг нар бичжээ. Агуулга нь “Хүний нандин чанар, ухаарал сэхээрлийн учиг дээр оршино” хэмээн тодорхойлогджээ. “Хожимдоогүй...” жүжгийн зохиолын багт Б.Батзориг, С.Сумъяа, М.Сүхбаатар нар ажилласан. Тэд тус бүтээлдээ “Хэн байх нь хамаагүй, зорилго сэтгэл нэгдэж чадвал хэзээ ч хожимдохгүй...” гэсэн утгыг илэрхийлсэн байна. Дээрх хоёр жүжгийн найруулагчаар соёлын гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж ажиллаж байгаа бөгөөд “Гацуурхан” театрын уран бүтээлчид болон Жигжидийн нэрэмжит КУДС-ийн оюутнууд тавилттай уншлагын бүтээл болгон үзэгч олноо өргөн барих гэж байна.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )