Яруу найрагч Р.Чойномын дурсгалд зориулан номон хөшөөг нь Хэнтий аймгийн Өндөрхаан сумын төв цэцэрлэгт бүтээн босгохоор болжээ. Гэхдээ цэвэр боржингоор урлаж, Р.Чойномын үргэлж биедээ авч явж уран бүтээлээ туурвидаг байсан тэмдэглэлийн дэвтрийг нь дүрслэх гэнэ. Мөн тус дэвтрийн хавтас дээр найрагчийн цээж зургийг байрлуулж, дэргэд нь зохиол бүтээлээ туурвиж явсан үзгийг нь босоо хэлбэртэйгээр суурилуулж, үзэгнээс нь шөнийн цагт гэрэл бадарч байх шийдэлтэй зохиосон аж. Дэвтэр хөшөөний хуудас дээр Чойномын амьсгал хураахынхаа өмнө туурвисан сүүлчийн шүлгийн мөрүүд болон “Сархдын ширээ минь баяртай” шүлгийн мөрийг сийлэх юм байна. Хөшөөг нийтдээ 18 сая төгрөгөөр босгох төсөв гарч, “Цагаан шонхор холдинг” компани, Хэнтий аймгийн Нийгмийн халамжийн хэлтэс, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, хэвлэлийн “Жиком пресс” үйлдвэр, “Хүннү хас” ТББ, хувь хүн ивээн тэтгэж байгаа аж.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )