Монголын циркчид БНХАУ-д жил бүр зохион байгуулагддаг дэлхийн циркийн урлагийн шилдгүүдийн ”А” зэрэглэлийн олон улсын тэмцээнд анх удаа оролцон хүрэл цомын эзнээр тодорчээ.
Манай улс хятадын циркийн урлагийн акробатын төрөлд гурав дахь удаагаа оролцсон бөгөөд энэ удаа цомын эзэн болсон байна. Тус наадамд 16 улсын 200 жүжигчин, 26 хамтлаг оролцон дэлхийд гайхагдсан, шинэ хүчирхэг үзүүлбэрүүдээ тавьсан бөгөөд ази тивээс Хойд Солонгос, Хятад, Монгол гэсэн гурван улс өрсөлджээ. Энэхүү тэмцээнд Монголын цирк дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байна гэдгийг үндэслэн оролцох эрхийг олгосон төдийгүй хэрхэн хөгжиж, ямар хэмжээнд байгаа нь энэхүү цомоор харагдсан хэмээн багийнхан онцолсон.
Тэмцээний үеэр монголын циркийн түүх, циркчдийн зовлон жаргал, тэдний амьдралаас сэдэвлэн хоёр ангит баримтат кино нэвтрүүлэг хийсэн байна. Мөн нэвтрүүлэг бэлтгэх үеэр дэлхийн циркийн томоохон төлөөлөгчдөөс ярилцлага авчээ. Уг баримтат нэвтрүүлэг нь энэ оны сүүлчээр Монголын телевизүүдээр гарах аж.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )